М.Мөнх-Учрал Үй-цай сургууль, 11-р анги
“Гүйцэтгэх даалгаврууд маш сонирхолтойгоос гадна өөрийн мэдээлэл боловсруулах, шинийг эрэлхийлэх чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн байсан. Ганцаараа биш багаараа бүх даалгавруудаа хийж байсан нь нэг нэгнээ илүү таньж мэдэж, шинэ найзуудтай болоход тусаллаа.”
Э.Тэмүүлэн 84-р сургууль, 11-р анги
“Энэ дадлагын 1 сар бол надад маш өгөөжтэй бас хамгийн хурдан өнгөрсөн 1 сар байлаа. Учир нь би өөрийгөө олон талаас нь сорьж үзлээ. Хэзээ ч хийж үзээгүй юмаа хийж үзэж, чадахгүй байх гэж боддог байсан зүйлсээ муугүй хийж сурч, юунд өөрийгөө авьяастай гэдгээ мэдэж аваад зогсохгүй өөрөөсөө хэд дахин мундаг ажилчин, дадлагажигч ах эгч нараасаа зөндөө олон зүйлсийг сурч, мэдэж авч тэдэнтэйгээ найзууд боллоо.“
Д.Ану-үжин МОХС-3-р сургууль, 12-р анги
“Монгол Экологи Төвд хийсэн дадлага маань миний хувь хүний хөгжилд томоохон алхам болсон. Би байгаль орчны чиглэлд ажиллах, олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх хүсэл, зорилготой болсон. Мөн цаашид илүү олон дадлага, сайн дурын ажилд оролцох хүсэл төрсөн.”
М.Ану-Үжин НЕБ Улаанбаатар сургууль
“Анх ярилцлагад орохоор оффист ирэхэд тод өнгийн сандал ширээ, тавилгууд нь маш тухтай мэдрэмжийг төрүүлж байсан. Сургуулийн анги танхимаас ялгаатай нь өвөрмөц зохион байгуулалттай, олон өрөө тасалгаатай тул орчноосоо уйдах ч завгүй хөгжилтэйгөөр ажлаа хийсэн. Мөн хамгийн сонирхолтой нь оффист аливаа даалгавар, ажил хийхэд ажлын бүтээмж өндөр, шинэ санаануудыг хурдан олдог байсан.”
Б.Намуухан 1-р сургууль, 11-р анги
“Миний хувьд анх удаа оффис орчинд, байгууллага дээр дадлагажигчаар ажилласан нь надад их туршлага болсон. Сургуулийн орчноос өөр газарт адилхан хүсэл тэмүүлэл бүхий үе тэнгийн найз нартайгаа өгөгдсөн даалгавруудыг биелүүлэхээр хамтран багаар ажиллаж, бие биеийнхээ гаргасан санаа, санаачилга, үзэл бодлыг тэвчээртэй сонсож тодорхой шийдэлд хүрч чадаж байсан маань энэ дадлагаар олж авсан ур чадварын нэг байлаа.”
Л.Энхлэн Монгол Тэмүүлэл, 11-р анги
“Энэхүү дадлага нь миний хувьд маш үр өгөөжтэй байлаа. Өмнө нь мэддэггүй байсан видео засварлах, орчуулга хийх, сошиал медиа контент бэлтгэх зэрэг олон шинэ зүйлсийг суралцаж, өөрийн ур чадвараа хөгжүүлэх боломж олгосон. Би багийн хамт олонтой хамтран ажиллахдаа эв найртай, харилцан дэмжлэг үзүүлж ажиллахын ач холбогдлыг гүнзгий ойлгож авсан.“
И.Түшээт Шинэ эрин, 11-р анги
“YSC дадлагажих хөтөлбөрт хамрагдаад би юмсыг олон талаас нь харах, цагийн менежмент, шинэ зүйлс сурах, багаар хамтарч ажиллах гээд зорсон зүйлүүд маань биелсэн гэж бодож байна. Өөртөө болон бусдад хандаж хэлэхэд цаг хугацаагаа хайрлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Их зүйл бодогдож, сурсан байна. Баярлалаа.”
С.Амина Шинэ Монгол сургууль, 11-р анги
“Хэдий хугацаа богино байсан ч энэ хугацаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрсөн. Би маш эерэг хандлагатай, найрсаг хүмүүстэй танилцаж, тэднээс олон зүйлийг сурч, хамтран ажиллахын үнэ цэнийг ойлгосон. Хамт олон маань үргэлж тусламжтай, дэмжлэгтэй байсанд маш их талархаж байна. Энэхүү дадлага нь зөвхөн ажил хэргийн орчны талаарх ойлголтыг өгөөд зогсохгүй, миний нийгмийн болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүллээ.”