Y Story: Н.Оюунбилиг

Y Story: Н.Оюунбилиг

Y Story: Н.Оюунбилиг

  • Buyanjargal Achit

  • 28 May 2025

  • 3 minute read

7 настайгаас эхэлж ширээний теннисээр хичээллэн, 10 гаруй жил тамирчны амьдралаар амьдарчээ. Хичээлээ тараад л спорт гэж явсаар нийгмийн тухай, байгаль орчны тухай мэдлэг ойлголтгүй, ядаж хогоо яаж ангилах тухай мэддэггүй, сонирхож тоож ч харж байсангүй. Бүх л амьдрал минь хичээл, тэмцээн, бэлтгэл гэсэн өрнөлтэй байлаа л даа. 11 дүгээр ангидаа ороод гадагшаа сургуульд сурах тухай бодож эхэлсэн юм. Анх бусад хүүхдүүдийн адил тэтгэлгийн өргөдөлд зориулж янз бүрийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх хэрэгтэй юм байна, тийм зүйлийг ч цаанаас нь шаарддаг юм байна гэсэн ойлголттойгоор хичээлээс гадуурх үйл ажиллагааг сонирхож эхлэв. Зүгээр л хичээлээс гадуурх үйл ажиллагаа хийхгүй бол надад үнэндээ спортоос өөр юу ч байгаагүй. Өөр гаргасан амжилт ч байгаагүй юм. Өргөдлөө явуулаад, тэнцээд орсон хөтөлбөрийн ангид 10, 20 хүүхэд байлаа гэхэд, би л ганцаараа тэднээс хамгийн муу нь юм байна гэж мэдэрдэг байв. Юу ч чадахгүй, мэдэхгүй, ядаж ганц ворд, эксел програм дээр ажиллаж ч чадахгүй хүн юм байна гэдгээ ойлгосон. 

Өөрийнхөө л мэдэх хайрцаглагдсан ертөнцөөс огт өөр ертөнц, хүрээлэлд хөл тавьж үзэнгүүт нийгэм гэж юу байдаг юм, ардчилал гэж юу байдаг юм гэсэн хамгийн энгийн ойлголтуудыг бага багаар мэдэж эхэлж байгаа юм. Оролцоод байх тусам хөтөлбөрүүд чинь ямар гоё юм бэ гэж мэдэрч эхэлсэн. Нэг шинэ юм олж мэдэх бүртээ тэрэндээ маш их баярлаж, урамшиж, үйл ажиллагаагаа тараад хаалгаар гарах бүртээ шинэ мэдлэгтэй болсондоо сэтгэл дүүрч, нээрээ л хэрэгтэй юм олоод мэдчихлээ дээ гэж бододдог болов. Хичээлээс гадуурх үйл ажиллагаануудад анх оролцож эхлэхдээ, зүгээр л эндээс хурдан явъя, Монголд бүтэхгүй юм байна гэсэн бодолтой байлаа. Хийх ёстой, шаардлагатай учраас л олон үйл ажиллагаанд хамрагдаж эхэлсэн ч гэлээ оролцож байх үедээ ойлгосон, сонссон зүйлс миний гүнд хүрч, дэлхийг харах өнцөг минь тэлсэн юм. Юмсын учир холбогдлыг ойлгох тусам “Аа үгүй юм байна, дээд боловсрол эзэмшиж буцаж ирээд бид нар л Монголдоо ажил хийхгүй юм бол хүмүүс эх орноосоо явсаар л байх юм байна. Заавал ирээд нийгэмдээ нөлөөлөл үзүүлэх зүйлс бүтээх ёстой юм байна” гэсэн сэдэлтэй болчихсон.  Өөрөөсөө өөр хүрээлэлд орж, үеийн хүүхдүүдтэй ярилцаж, туршлагатай, боловсролтой, мэргэшсэн хүмүүсийг сонсоод байхаар хүний харах өнцөг үнэхээр өөрчлөгддөг юм билээ. Уг нь би чинь хичээлээ хийгээд л байдаг боловч юу ч мэддэггүй л хүүхэд байсан байна лээ. 

Багаасаа спортын тэмдэглэл хөтөлдөг байсан юм. Өнөөдөр юу хийх үү, долоо хоногт, энэ сард, энэ жилд юу хийх үү, ямар амжилтанд хүрэх үү, өнөөдөр бэлтгэлийн явц ямар байв, юун дээр анхаарах уу гэх мэтчилэн бичдэг юм л даа. Эргээд бодоход тэр нь намайг зөв чиглүүлж өгсөн байх. Бага наснаасаа спортод хөл тавьж, тэмцээнд бэлдэж эхэлснээс хойш амьдралын минь ганц ч өдөр зорилгогүй өнгөрөөгүй. Үргэлж өөртөө зорилго тавьж ирсэн учраас тэр дадал минь цоо шинэ ертөнцөд орсон ч гэсэн тусгалаа олж, хүсэл сонирхол, алсын бодол, шаардагатай зүйлсээ эргэцүүлж, өөрийгөө олоход тус болж байх шиг. Би чинь байгаль орчиндоо хайртай хүн юм байна, хайрлаж хамгаалах ч ёстой юм байна гэдгээ ухаарч байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд SAT, IELTS шалгалтуудынхаа хажуугаар 10 хөтөлбөрт хамрагдаад амжжээ. Хөтөлбөр бүхэн олон сараар үргэлжилсэн. Энэ бүхнийг зохицуулж, төлөвлөхөд спортоос сурсан ачаалал даах чадвар, төлөвлөлт нөлөөлсөн болов уу. Гэнэт ухаан орсон юм шиг орой эхэлсэн учраас сайн төлөвлөж, шахаж явахгүй л бол юмнаасаа хоцрогдчих гээд байдаг талтай.  Урдаа тавьсан сурах зорилгодоо хүрэхийн тулд тэгж шахахаас ч өөр аргагүй. Ямар нэгэн байдлаар жил алдахгүйгээр л нэг жилийн дотор бүх зүйлсээ амжуулъя гэж шийдээд, өөртөө маш их итгэсэн. Тууштай байх, юмны араас хөөцөлдөж дуусгаж чаддаг байх, бууж өгөхгүй өөрийгөө сорих нь хэчнээн спортоосоо холдлоо ч хүний зан чанар болоод үлдчихдэг. Энгийн зүйлсийг эхнээс нь сурахад хэзээ ч оройтохгүй, харин хуучин туршлагаар хөтлүүлж өөрийгөө шинээр олж нээдэг юм билээ.