Y Story: Миний дотнын найз

Y Story: Миний дотнын найз

Y Story: Миний дотнын найз

  • 2 minute read

Өөрөөсөө өөр найзгүй явсан үе надад бий. Өсвөр насны жаахан охинд үеийн найз нөхөдгүй байна гэдэг ангалаас унаж буй мэт л хүнд тусдаг байлаа. Тэрсхэн хэдэн охидтой нөхөрлөдөг байсан ч сонин шалтгаанаас болж хаана ч ганцаар үлддэг болсон юм. Ахлах сургуулийн хов жив, хэл аманд нэлээд өртдөг боллоо. Шилжилтийн үе, өсвөр нас гээд элдэв юм зэрэгцээд сэтгэл санаа ч гэж авах юм үгүй, хэцүүхэн. Аав, ээжтэйгээ ярилцах нь өдрийн од шиг тун ховорхон. Сургуульдаа ч явмааргүй, гэрээсээ ч гармааргүй болтол сэтгэл зүйн дарамтад орж эхэлсэн юм. Гэхдээ өөрийгөө ч ойлгохгүй, том хүн болох гээд хичээж байгаа энэ үед гэрийнхэн минь надаас ганцхан удаа “Миний охины хичээл сайн уу, юу болж байна даа?” хэмээн асуусан болоосой гэж хүсдэг байж билээ. Асуухгүй байх нь арга ч үгүй биз. Гэрийнхээ хаалгыг онгойлгоод орохдоо хэцүү байгаагаа анзаарагдахгүйг хичээж, инээмсэглэл тодруулан гүйгээд ордог сон. Гэртээ байхдаа дүү нарынхаа том эгч, ээж аавынхаа охин нь боловч бусад үед гологдмол хүүхэд шиг л. Эргэн тойрны эдгээр сэтгэл түгшээсэн зүйлсээс холдохын тулд нийгмийн үйл ажиллагаанд оролцож эхлэлээ. Сургуульд маань нэг удаа сэтгэл зүйч ирэхэд нь нууцаар уулзаж үзсэн юм. Гэтэл тэр сэтгэл зүйч надад өөрт тохиолдож буй үйл явдлууд, мэдрэмж, сэтгэгдлээ зургаар илэрхийлээд явбал бага багаар сэтгэл санаа дээрдэж, ангижрах байх хэмээн зөвлөж билээ. Би зураг зурах, зургаар өөрийгөө илэрхийлэх дуртай хүн тул энэ зөвлөгөө надад эергээр нөлөөлсөн дөө. Одоо би өөрийнхөө хамгийн дотнын найз. Аз жаргалтай, харуусал гунигтай бүхий л цаг үед өөрийгөө хайрлаж, сонсож бас ойлгодог болсон. Эцэст нь бид өөрсдийгөө л ангал руу түлхэж бас татаж чадах цорын ганц хүн байх. Хэрвээ та өсвөр насны хүүхэд эсвэл дүү нартай бол заавал ямар нэгэн шинж тэмдэг илэрч буйг хүлээхгүйгээр ядаж сардаа ганц удаа ч болов дотно ярилцаж, хамтдаа байх цаг гаргаарай. Тэдэнд ч мөн адил сэтгэлээ уудлах чин хүсэл байгаа гэдэгт итгэлтэй байна.