✏️Y STORY: Амьдрах байр олдохгүй болохоор байрны СӨХ-д туслах хийж, хэлний бэлтгэлийн сургалтын төлбөрөө төлөөд, ажиллаж буй байрандаа амьдарч байв…
Би дунд ангийн сурагч байхдаа 5 хэлээр чөлөөтэй ярьдаг орчуулагч болох мөрөөдөлтэй байв. Сурч боловсорч, номын дуу сонсох нас минь ирэхэд Орос хэлэндээ дуртай надад хамгийн эхэнд Оросын Холбооны улс л санаанд орж байсан юм. Цаг хугацаа, өдөр хоног нүд ирмэхийн зуурт л өнгөрч төгсөх ангийн босгонд ирэхэд Бүсийн Орос хэлний олимпиадад оролцон тэргүүн байрын эзэн болж, Оросын Холбооны улсад хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ 100%-ийн тэтгэлэгтэй суралцах эрхийн эзэн болов. Тэтгэлгийн эзэн болчихсон хүн чинь ойрын хэдэн жилдээ юу хийхээ төлөвлөчихсөн байтал амьдралыг маань өөрчилнө гэж хэзээ ч төсөөлөөгүй зүйл өмнө минь гарч ирсэн юм.
Миний хувьд YSC хөтөлбөрт анх зарлагдсан цагаас нь л идэвхтэй оролцож, юуны төлөө хэрэглэхээ мэдэхгүй ч боломж гарсан үе бүрдээ YSC оноо цуглуулдаг байлаа. Хамгийн анхны “Teen Хуралдай” зарлагдаж, 5 хоногийн турш өргөдлөө хичээнгүйлэн бэлдэн илгээсний эцэст тэнцсэн хариугаа авлаа. Хуралдай Улаанбаатар хотод зохион байгуулагдахад анх удаа Увс аймгаасаа Улаанбаатар хот руу явсан юм. Өмнө нь нэг ч удаа хот орж үзээгүй надад цахилгаан шат, урсдаг шат, өндөр барилгууд, ресторан гээд бүгд л сонин содон мэдрэмжүүдийг төрүүлсэн. Шөнө нь өдөр юм шиг л гэрэл гэгээтэй, цонхоор тусах гэрлүүд бүгд л одод мэт санагдаад нөгөө нэг соёлын шок гэдэг зүйлийг нь биеэрээ мэдэрлээ. Хуралдайд оролцох үеэр яах нь мэдэгдэхгүй цуглуулаад байсан оноо маань Европ явуулдаг шидтэй гэдгийг сонсоод нүд орой дээр гарах шиг л боллоо. Нэлээд идэвхтэй байсан болохоор онооны самбарын 8,9 дүгээр байранд явж байснаа тодхон санаж байна. Боломж байгааг тэрүүхэн зуурт ойлгон МЭТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ариунзул эгчийг буланд дуудаж байгаад л “Оноогоо яаж цуглуулах билээ, яг Европ явуулах юм уу даа, надад ер нь боломж байгаа юу?” гээд шалгааж гарав.
Хуралдай дууссаны дараа зарлагдсан 3 чалленжэд байдаг бүхнээ шавхаад оролцсон юм. Хариугаа хүлээгээд л байлаа. Огт хариу байдаггүй шүү. Өдөр бүр онооны самбар луу нүдээ ширгэтэл харсаар л… За миний Европ явах ч худлаа юм байна гэж бодоод л эцсийн найдвараа шавхахаар боллоо. Сүүлдээ ламаас “Би ер нь Европ явах хүн үү?” гэж асуухад надад хэлсэн ганц хариулт нь “3” тоо байсан юм. 2023 он гарахад МЭТ-өөс гэнэт холбогдож YSC хөтөлбөрийн шилдэг 5 оролцогчоор шалгарсан баярт мэдээг маань дуулгалаа. Онооны жагсаалтаас харахад М.Энх-Үйлс 3 дугаарт бичигдчихсэн байсныг хараад магнай хагартал баярлаж билээ.
2 сарын дараа бид Холбооны Нэгдсэн Герман улсыг зорилоо. Нислэгийн урьд шөнө догдлол, хүлээлт, бяцхан айдсаар өөрийгөө нөмрөн унтаж чадсангүй. Эрээн ч гарч үзээгүй би анх удаа хилийн дээс давж, Герман улсыг зорихдоо энэ хүртэл хичээсэн өөрөөрөө бахархаж, анхны аяллаа эхлүүлэв. Онгоцондоо сууж, Германы нисэх буудалд газардахад цаг агаар, гудамж, зам, гэрлэн дохио гээд л нүдэнд үзэгдэж, гарт баригдах бүхэн цоо шинэ, содон байлаа… Хэсэг амарчхаад хамт аялж байсан найзуудтайгаа хүнсний дэлгүүр орохоор гарлаа. Интернетгүйн улмаас хүнсний дэлгүүр олж чадалгүй, арга бараад ойрхон явсан Герман эмээгээс асуух болоход Герман хэл мэддэггүй бид юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг бие биеэ харж зогсоцгоов. Монголд байхдаа ойр зуурын хэдэн өгүүлбэр герман хэл дээр орчуулан утсан дээрээ татаж авснаа гэнэт санаж, нөгөөхөө уншиж гарлаа. Германаар “Wo ist der Laden?” буюу дэлгүүр хаана байгааг асуухдаа тэнэгийн дотор уужуу гэгчээр ичиж, санаа зовох ч юмгүй “Воо ист дэр ладен?” гээд л цэвэр монгол дуудлагаараа тэр дундаа Увс аялгаараа тачигнуулан уншлаа. Нөгөө эмээ огт ойлгосон шинжгүй гайхан харахад, хамт явсан нөхөд маань “Үйлсээ чи чинь бараг Германаар ярьдаг юм биш үү?” гээд л тас хийтэл инээцгээн шоолж гарав аа. Жаахан шартайг хэлэх үү, шоолуулж зогсохдоо герман хэлийг заавал сурна, герман хүнтэй торох зүйлгүй харилцаж сурна гэх амлалтыг өөртөө өгсөн юм. Германд өнгөрүүлэх цаг хугацаа багасах тутам хүмүүс хоорондын харилцаа хандлага, чөлөөтэй байдал, цаг барьж буй соёл зэргийг харахад тэрхүү улсад улам л дурлаж байлаа.
Анхны аялал, анхны улс, анхны туршлага… Бүх зүйлс нь анхных байсан аялал маань дуусахад гунигтайгаар нутаг буцахдаа энд л би суралцах ёстой юм байна гэж огт эргэлзэлгүйгээр баттай шийдсэн юм. Нутагтаа ирмэгцээ ахтайгаа сайтар зөвшилцсөний үүднээс хүсэж байсан тэтгэлгээсээ татгалзан, ихэд итгэлтэйгээр өнжих жил авч, бүхий л цаг хугацаа, хором мөч бүхнээ Герман хэлийг сурахад тултал нь зориулж байлаа. Төрөлх аймгаасаа өөр газарт удаан амьдарч үзээгүй надад Улаанбаатарт амьдрах бас нэгэн том даваа байсан юм. Амьдрах байр олдохгүй болохоор байрны СӨХ-нд туслах хийж, хэлний бэлтгэлийн сургалтын төлбөрөө төлж, ажиллаж буй байрандаа амьдарсаар. Нар сар ээлжилсээр. Ажлаа хийж, хэлний шалгалтдаа бэлдсээр нэг л мэдэхэд эцсийн шалгалтаа өгөх өдөр ирлээ. Шалгалтаа ч амжилттай өгч, цуглуулж байсан цалингаараа онгоцны тасалбараа захиалан, хоёр дахь удаагаа Герман улсыг зорив.
Гуниг дүүрэн өндөрлөж байсан аяллаа цоо шинэхэн баяр баяслаар дахин эхлүүлж, эрдмийн их далайд шумбахаар Элба мөрний эргийг зорьсон билээ. Үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгүүдээр дүүрэн, амар амгалан ноёлсон Магдебург хотод би өдгөө хүссэн мэргэжлээрээ суралцаж байна. Хүн бүхэн чадахгүй, мэдэхгүй байгаагаасаа хэзээ ч битгий ичээсэй, нүүр улайж санаа зовохгүй байгаасай гэж би хүсдэг. Хэнээс ч санаа зовохгүй асуусан тэр “Во ист дэр ладен?” гэх ганцхан асуулт амьдралын минь энэхэн үеийг байж болох хамгийн сайхнаар өөрчилж чадсан юм.
Түүхийн эзэн: YSC хөтөлбөрт Увс аймгаас оролцож, хөтөлбөрийн нэгдүгээр үеийн шилдэг 5 оролцогчийн нэгээр шалгаран Герман улс дахь туршлага судлах аяллын эзэн болсон М.Энх-Үйлс.