Хоёр жилийн өмнө Ази Номхон далайн бүсийн залуусыг төлөөлөн COP 28 дээд түвшний чуулганд монгол охин оролцсон юм. Надад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо дэлхий дахинд хүргэх гайхалтай боломж олдсон. Тус чуулганд оролцохоор Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо дэлхийн өнцөг булан бүрээс 70000 хүн зорин ирсэн юм. Өмнөх жилүүдэд нь зөвхөн засгийн газрын гишүүд, тухайн улсын төрийн тэргүүн нар оролцдог байсан бол COP 28 чуулганд бизнес эрхлэгчид, уул уурхайн томоохон эзэд, хүүхэд залуус оролцож, чуулганы даргалагч нь хүртэл Дубайн хамгийн том газрын тосны үйлдвэрийн захирал байсан гээд бод доо. Дубайд өнгөрүүлсэн 14 хоног надтай мөр зэрэгцэх бүхий л хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан гэж боддог. Тэнд бидний хэн, хэдэн настай байх, тэр тусмаа аль орны ерөнхийлөгч байх хэнд ч хамаагүй байлаа. Зөвхөн ямар орныг төлөөлөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшүүлж буй санаа нь хамгаас чухал. Монгол охин микрофоноо нээгээд үг хэлэхэд танхим даяар чих тавьж анхааралтай сонсоно. Миний санаачилга дэмжигдэх үгүйг бүгд хэлэлцэж, заавал шийдэлд хүрнэ. Азийн үе тэнгийн нөхдөө төлөөлөн ирсэн тул олдож буй үнэ цэнтэй хугацаагаа тултал нь ашиглахыг хичээсэн дээ. Дэлхийн чуулганд оролцох миний хувьд амархан байсангүй. Эх орныхоо мянга мянган хүүхдүүдээс шигшигдэж глобал түвшинд сонгогдсон таван хүүхдийн нэг нь би байсан. Гэвч тус чуулганд Монгол улсаас хүүхэд оролцох эрх байгаагүй тул Ирланд улсын засгийн газарт хүсэлт тавихад миний бүхий л санхүүжилтийг өгч, зөвхөн надад биш монголын хүүхэд залууст дэмжлэг үзүүлсэн юм. Одоо би эх орныхоо ууган сургууль Монгол Улсын Их Сургуульд Нано технологийн ангид суралцаж буй шинэхэн оюутан. Дэлхийн манлайлагчдаас суралцсан туршлагаа үе тэнгийнхэн, шинэ үеийн дүү нартаа хуваалцахаар хичээж явна. Хэрэв бид хүсэж, мөрөөдөж түүнийхээ төлөө ганцхан алхам хийх зоригтой л байвал бидний хурууны үзүүрт боломжууд дүүрэн байдаг юм шүү.
YSC хөтөлбөрт Төв аймгаас “Teen Хуралдай” 2022 чуулганд оролцогч Н.Номин