У.Хонгорзул
“Олон дадлага ажил байснаас миний хувьд Монголын Экологи төвийг сонгож дадлага хийсэн нь нүдээ олсон туршлага байлаа. Байгаль хамгаалахад практик арга барил, хүсэл эрмэлзэлтэй мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж бүрдсэн нь байгаль орчны асуудал, орон нутгийн оролцооны ач холбогдлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн. Маш олон ур чадваруудыг суралцсан бөгөөд хамт олны халуун дотно уур амьсгал маш их таалагдсан. Жишээлбэл: олон төрлийн программууд дээр ажиллах болон судалгаа хийх мэдэгдэхүүнтэй болсон. Мөн оффисын соёл гэх мэт наад захын зүйлсийг багш нар маань зааж чиглүүлж өгдөг байсан нь сэтгэлд үлджээ. ”
Г.Манлайбаяр
“Дадлагын туршид би 3 төрлийн судалгааны даалгавар, 1 reel даалгавар дээр ажилласан. Хэдий даалгавар биелүүлж байгаа ч гэсэн сэтгэлээ шингээж хийсэн учраас зөвхөн даалгавар биш надад мэдлэг болон үлдэж байгаль орчин, өв соёлоо хамгаалж үлдэх ямар ямар арга хэрэгслүүд байдаг, уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийж болдог гэх мэт зүйлүүдийг сурч авсан.”
А.Анударь
“Би маш их мэдээлэл ухсан гэж хэлж болно. Энэ нь миний мэдээллийг нэгтгэж, дараа нь цэгцлэх чадварыг дээшлүүлсэн гэдэгт би итгэдэг. Би ажлын ёс зүйд илүү итгэлтэй болж, өөр өөр ажлын нөхцөлд дасан зохицох чадвартай гэдгээ ойлгосон. Цаашилбал, би өмнө нь сонирхож байсан Canva, Google хуудаснууд дээр хэрхэн илүү үр дүнтэй ажиллах талаар сурсан. Canva дээр илүү ажилласнаар илтгэл тавих дуртай гэдгээ ойлгосон.”
Д.Урьхан
“Анх уг дадлагын хөтөлбөрийг зорьсон шалтгаан нь байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юу хийдэг юм бол? ямар байдаг юм бол? бас байгуулагд ажиллахад юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бол? гэх мэт өөрт төрж байсан асуултууддаа хариулт олохыг хүссэн минь байсан юм. Энэ байгууллагад дадлага хийх хугацаандаа хамтран ажиллагсдын харилцаа ямар байдаг, байгаль орчны төсөл дээр ажилладаг байгууллага яг юу хийдэг болох, дадлагажигч ямар байх ёстой, оффисын орчинд биеэ авч явах хэм хэмжүүр, ажлыг хийхдээ хэрхэн эмх цэгцтэй, үр дүнтэйгээр хийх, хэрэглээний программууд дээр хэрхэн ажиллах, цагийн менежментийн ач холбогдол гэх мэт маш олон зүйлийг сурч мэдэж чадсан гэж бодож байна. Нэг сарын хугацаанд байгууллага дээр ажиллаж, өөрийгөө сорьж үзсэнээр олон төрлийн ур чадварыг эзэмшсэн гэж бодож байна. Мэдэхгүй чадахгүй гэх зүйлс олон гарч байсан ч хамт дадлагажигчид болон Монгол Экологи Төвийн хамт олон тусалж дэмжиж байсны ачаар олон ч зүйлийг сурч мэдэж чадлаа. Ганцхан сарын дотор олон төрлийн туршлага хуримтлуулж, олон шинэ зүйлийг хийж үзсэн болохоор дадлагын хугацаа үнэхээр хурдан санагдлаа.”
Т.Дэлгэрмөрөн
“Дадлагын ажил маань маш их үр өгөөжтэй сайхан сургалт болсон. Мэдэхгүй зүйлсээ мэдэн авч, гайхалтай хамт олонтой бага ч гэсэн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэндээ маш их баяртай байна. Хамт олон гэж ямар чухал болохыг, хүсэл зорилго нэгтэй, хийж бүтээх сурахыг эрмэлзэл болгосон хүмүүсээр хүрээлүүлсэн гайхалтай дадлагыг хийж өнгөрүүллээ. Урьд нь чөлөөт цаг заваараа өөртөө хэрэггүй хий хоосон зүйл хийж өнгөрүүлдэг байснаа ойлгож авсан ба одоо бол хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд илүү их хичээх хэрэгтэйг, хийх ажлуудаа зөв хуваарилан цагийн менежментээ зөв зохицуулах гээд цаашид сурч боловсроход нэн хэрэгтэй чадамжуудыг өөртөө суулгаж авсан. Хүнд ер нь мэдлэг дутна уу гэхээс хэзээ ч илүүддэггүй гэдгийг маш сайн ойлголоо.( Их бага гэлтгүй хүний хийж бүтээсэн, олж мэдсэн зүйл хожим нь заавал үр шимээ өгдөг юм байна лээ).”