✏️Y STORY: Болдогсон бол хангай нутгийн урсах усыг, уралдан ургах моддыг, асгаран орох бороог нь говь руугаа өвөртлөөд явчих юмсан.
Сайн байцгаана уу? Намайг Н.Золбаяр гэдэг. Би Говьсүмбэр аймагт төрж, өссөн жинхэнэ говийн хүү л дээ. Өнгөрсөн хаврын 4 дүгээр сард энгийн хэдий ч хэн болгонд олдоод байдаггүй ховорхон, үнэ цэнтэй боломж надад олдсон юм. Монгол Экологи төвийн хэрэгжүүлдэг “National Park Academy” хөтөлбөрийн нэгэн чуулганд YSC хөтөлбөрийнхөө хүүхэд залуусын төлөөлөл болон Монголынхоо өнцөг булан бүрийн ТХГ-ийг өөрсдийн биеэр хайрлан хамгаалдаг байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн хамт оролцосон юм. Тус чуулганы үеэр Өвөрхангай аймгийн Орхоны Хөндийн БЦГ-ийн байгаль хамгаалагч, мэргэжилтэн ах нар маань бидэнд зуны амралтаараа тус ТХГ-т зочлоорой гэх хэний ч төсөөлөөгүй саналыг тавьж билээ. Миний хувьд хорвоод мэндэлсэн цагаасаа л говь нутагт өссөн хүүхэд болохоор хангайд зочлох боломжийг алдахыг хүсээгүй, атгаад л авсан даа.
Хичээлийн жил дуусаж, бидний хангай нутаг руу аялах үе ойртсоор байлаа. Явах өдрөө догдлол дүүрэн, хуруу даран хүлээсний эцэст 7 дугаар сар хаяанд ирж, ашгүй явах өдөр маань ирлээ. Хүйтэнд өмсөх цөөхөн хэдэн хувцасаа, оо сойзоо цүнхлээд, Говьсүмбэрээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд суулаа. Галт тэрэгний зүтгүүрийн намуухан чимээ, халуун кофе, хангай нутгийн сайхныг өөрийн нүдээр харах миний хүсэл. Хүрэх газраа тэсэн ядан хүлээж буй тэр цаг хугацаанд номон дээр л гардаг дүрслэл надад мэдрэгдэх шиг. Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу YSC хөтөлбөрийн найзуудтайгаа автобусанд суун, наран шингэх үеэр зорьсон газартаа хүрлээ. Бат-Өлзийд амарчихаад дараагийн өглөө нь байгаль хамгаалагч Мөнхдалай ах маань биднийг Орхоны Хөндийн БЦГ-ийн Бат-Өлзий дэх хэсэг рүү дагуулан явсан юм. Зөөлөн шиврэх бороо, салхинд намирах ногоон зүлэг, моддоор дүүрсэн толгод гээд л зуны улиралд харж, мэдэрч болох бүхнийг дөнгөж аялал эхэлмэгц мэдэрч эхэллээ. Бид монгол гэрт байрлаж, гал дээр өөрсдийн гараар хоолоо хийж идсэн нь аяллыг улам л амттай болгов.
Аяллын хамгийн эхний зорих цэг “Улаан Цутгалан”. Урьд өмнө нь зөвхөн утасны дэлгэцээр, зурагтаар л харж байсан болохоор тийм сүрдэм гэдгийг үнэхээр мэдээгүй. Говьд минь дэндүү ховор байдаг тэр их ус тэнгэрээс зогсолтгүй аадар бороо орж байгаа мэт урсаж байсан нь атаархмаар. Дараагийн өдөр бид аяллын хамгийн гол газар болох Хүйсийн Найман нуур луу хөдөлсөн юм. Сонирхолтой нь тус газар луу ямар ч машин явахад тун хэцүү, бараг л боломжгүй байсан учраас мориор бүхий л замаа туулсан нь жинхэнэ монгол хүн эсэхийг маань шалгах шиг л болсон. Аяллын маань эрчүүд унах морио хөтлөөд машин очиж болох хамгийн эцсийн газарт очиж байрлахаар болсон юм. Мэдээж охид маань машинтай түрүүлж очиж майхнаа барьж, хоолоо хийцгээх даалгавартай. Оройтож хөдөлснийг хэлэх үү, морьтой явж байсныг хэлэх үү, гэнэтхэн л нар жаргаж, харуй бүрий орчихсон. Морь унаад явахад моддыг, бэлчих малыг, сэвэлзэх агаарыг дэндүү ойроос мэдэрч, хаанаас ч эрээд олохгүй жаргалыг мэдэрч байлаа. Морьтой алгуурхан шогшиж явахдаа эргэн тойрноо анзаарахад харсан зүг бүрд мод ургасан байхыг хараад цагаахан атаархал төрж, болдогсон бол чадах чинээгээрээ цүнхлээд буцчихмаар. Эхний буудаллах газартаа хүрж, маргаашийг тэсэн ядан хүлээх зуур дуг нойрондоо дийлдсэн байлаа. Өглөө болж зайлшгүй шаардлагатай зүйлсээ цүнхлээд, өөрсдийн мориндоо мордож нуурын зүг хөдөлцгөөхөд бороо шивэрч эхэлсэн юм. Дөнгөж морио унаж эхлэхэд хоёр ч удаа мориноосоо уначихдаг юм даа. Говьд минь ховорхон ордог бороо хайр гамгүй тасралтгүй орсоор л. Би ч дотроо “Яг ямар аялалд явчихав даа” гэсэн битүүхэн айдастай. Морь бараг л унадаггүй надад мориныхоо аашийг олж, асгарсан их бороонд байгалиа харж явна гэдэг хялбар байсангүй. Хад асга ихтэй, нойтон шавар шалбаагтай замыг туулах бэрх ч уулсын оройг даван даван явахад өвдөг шүргэм ногоон ургамлууд, будантаж татсан манан, хөвчийн ой модод хараад ханашгүй дэндүү үзэсгэлэнтэй.
Нийт 20 гаруй километрыг туулж Хүйсийн Найман нуурынхаа хамгийн захын нуурын барааг харахад тэнгэр цэлмэж эхлэв ээ. Бид бага зэрэг зутарсан байлаа. Нууранд хүрэхээс өмнө ойролцоох айлд түр буухаар болж, хөлөө чирж ядан айл руу явж ороход биднийг халуун сүүтэй цай, шинэхэн цагаан идээ, сайхан халуун аарцтай гурилтай шөлөөр дайлж цайлав. Урьд өмнө нь харж байгаагүй, бие биеэ огтоос танихгүй хүмүүс биднийг эртний танил шиг халуун дотноор хүлээж авсан нь нүүдэлчин монголчууд бидний хаанаас ч олдохгүй, бахдам ялгарах онцлог байх. Хэсэгхэн амсхийсний дараа хүсэн хүлээсэн Ширээт нуур луугаа хүлгийн жолоогоо татлаа. Би ч мориндоо дасаж шогшсоор, зам ч богиносож хүрэх цэг ойртсоор…
Нийт 50 орчим километрийг туулсны эцэст нуурын бараа харагдав. Үнэхээр тэр мэдрэмжийг илэрхийлэх үг, дүрслэх дүрс надад олдоогүй. Гүн нь үл үзэгдэх нуурын тунгалаг ус, үүлсээр дүүрэн тэнгэрийн мандал, тэнгэр газрыг зааглан харагдах моддоор дүүрэн уулсын толгод, хөх ногоон өнгийн төгс зохицол. Хангай нутаг гэж ийм л байдаг байх. Хүн давахгүй гэсэн даваагаа долоо давдаг гэдэг шиг энэ хэдэн өдрийг яаж давна даа гэж бодсон ч нэг л мэдэхэд ч нуурын эрэг дээр зогсож байлаа. Харахыг хүссэн газар, мэдрэхийг хүссэн мэдрэмж, үнэрлэхийг хүссэн үнэр, амьсгалахыг хүссэн агаар. Явахаасаа өмнө хүссэн бүхнээ сайтар мэдрэх гэж хичээв. Эцэст нь сая л нэг юм сэтгэл тэнийх шиг болж, бид нуурыг орхин буцах цаг ч болжээ. Бороо улам л ширүүсэн орсоор. Сэтгэл минь дүүрэн, хоосон мэдрэмжийн дунд гацчихсан. Цаг орой болж, хүйтэн сэрүүн зуны орой айлчилна. Бид буцах замдаа тус нуурын орчимд 48 жилийн турш бууриа сэлгэн амьдарч буй өвөө, эмээгийнд хоноглохоор болсон юм. Тэр үед эмээ “Нэг ч гэсэн чулууг аваад өөр чулуун дээр давхарлаад тавиарай. Тэр чулуун доороос нэг ч болтугай ургамал ургах л болно. Бидний хойч үе болсон та нар минь энэ сайхан байгаль, дэлхийгээ хайрлан, хамгаалаарай” гэж хэлсэн нь сэтгэлээс огт гардаггүй. Хангай нутгийг зорьсон аялал өндөрлөж, би ч говь нутаг руугаа харьсан юм. Гайхах, бишрэх, атаархах мэдрэмжүүдийг огтлолцуулсан энэ 5 шөнө, 6 өдрийн 100 орчим километрийг мориор туулсан аялал маань нүд ирмэхийн зуурт л өнгөрчихсөн. Аяллаа өндөрлөхөд хангай нутгийн урсах усыг, уралдан ургах моддыг, асгаран орох бороог нь болдогсон бол говь руугаа өвөртлөөд явчих юмсан гэх бодол л хамгийн ихээр төрж билээ. Гэвч алтанхан шаргал говь нутгаа номин ногоон хангай нутагтай харьцуулна гэдэг утгагүй. Аль аль нь өөрийн өвөрмөц онцлог, олон сая жилийн нууцлаг амьдралыг өөрсдөдөө шингээж, ондоо хэв шинжийг цогцлоодог үзэсгэлэн төгөлдөр газрууд билээ. Гэлээ ч би говь нутагтаа илүү их мод тарьж, илүү олон амьдралыг тэтгэмээр…
Бичвэрийг бэлтгэсэн: З.Анхзаяа