✏️Y STORY: ...миний мэдэрч эхэлсэн аз жаргал. Жаргалтай байна гэдэг хүн болгоны олоод байж чаддагүй зүйл. Хүнд чинь жаахан урам зориг, хайр л хэрэгтэй юм шиг байна лээ...
Намайг Ренчинсоном гэдэг. Гэхдээ хүмүүс Шонхлой гэж дууддаг. Төв аймгийн Зуунмод сумд төрж өсөж, 12 жилээ суралцаж төгсөөд, АНУ-ын сургуульд өргөдлөө өгөхөөр бэлдэж нэг жил өнжиж буй хүн байна даа. Саяхан SAT шалгалтаа дууссан. Одоо эсээ бичих гээд өөр лүүгээ өнгийх үе дээрээ явж байна. Аравдугаар ангид байхад манай иргэний ёс зүйн багш орж ирээд “Цаас дахин боловсруулах сонирхолтой хүн байна уу?” гэж асуулаа. Би өмнө нь яг тийм юм хийх гээд сонирхож байсан болохоор гараа өргөлөө. Манай ангийн хэдэн хүүхэд бас гараа өргөчихсөн байсан. “Teen Шийдэл гэж ийм гоё төслийн уралдаан байна, санаагаа явуулаад үз” гэв. Дуртайяа зөвшөөрч, нөгөө ангийнхантайгаа танилцах сайхан боломж ч олдлоо. Яагаад ч юм тэр үед намайг шууд багийн ахлагч болгочихсон. Бид номын санд сууж ярилцаад л, багийн нэрээ олоод л, ярилцаад байх тусам шинэ хаалга нээгдээд, санаагаа илүү баяжуулж, тухайн үед хүүхдүүдээс гарахааргүй санаанууд гараад л байсан. Анхны төслийн санаа маань зүгээр л цаасыг боловсруулж үр дүнг нь гаргах санаа байсан. Цаашид энэ үр дүнг бусад хүмүүст хэрхэн ашигтай байлгах вэ гэж бодсон. Би өөрөө маш их өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүүхэд байв. Цэцэгтэй наалт наагаад л, тэмдэглэлээ будаад л, дууны үг бичээд л. Одоо бодохоор ичээд байдаг юм (инээв). Тэгээд дахин боловсруулсан цаасан бүтээгдэхүүнээ борлуулж, тэмдэглэлийн дэвтэр болгоё гэх санаа төрлөө. Миний бага наснаас эхлэн томрох хүртлээ цуглуулсан бүх туршлага маань энэ төсөлд шингэсэн байх. Би чинь өөрөө дэвтрийн үнэ цэнийг мэддэг болохоор дэвтэр авах гэхээр сэтгэлд нийцсэн дэвтэр олдохгүй, эсвэл олсон ганц дэвтрээ хайрлаад л, дуусчих вий гэж эмзэглээд л. Ер нь дахин боловсруулсан цаасаар дэвтрээр зогсохгүй ноорог ч хийж болох юм байна, тэр нооргоо ахлах ангийн ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүддээ хэрэглүүлж болох юм байна гэж бодсон. Хүүхдүүд үнэтэй дэвтэр худалдаж авдаг шүү дээ. Тэгвэл энэ зардлыг багасгах боломж байгаа болов уу гэж бодмогц боломжтой байв. Үүний дараа “Хэрхэн борлуулах вэ? Стандарт нь ямар байх вэ?” гэх зэрэг бүр л том асуудлууд гарч ирж байлаа.
Анх уралдаанд орж эхлэхэд зуны гурван сарын амралтаа бүтэн ашиглахаас эхлээд маш олон сарын үйл явдал үргэлжилсэн. Одоо дүгнээд бодоход төслөө зүгээр нэг хүүхдийн төсөл биш, яг төсөл хэрэгжүүлэхэд томчууд яаж хийж байна, тэрийг нь дагаж утгаар нь хийх гэж хичээсэн юм шиг санагддаг. Жинхнээсээ өөрийнхөө байгууллагыг үүсгэж, байгууллагын соёлыг бий болгох гэж маш их хичээсэн санагддаг. Түүнийгээ дагаад амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн. Төсөл маань борлуулалт хийдэг, борлуулалт хийж байна аа гэдэг чинь зах зээлд орж байна аа гэсэн үг. Тэгэхээр зах зээлд орж байгаа байгууллагууд ямар байдаг юм бэ гэдгийг ажиглаад, ижил байлгахыг хичээсэн. Яг л ижил байлгах гэж хичээсэн болохоор тийм л хүний амьдралаар амьдарч эхэлж байгаа юм. Жишээ нь өглөө болгон и-мэйлээ шалгана, өдрийнхөө хийх зүйлсийн жагсаалтыг гаргаад, оффис дээрээ хэдэн цагт уулзана, хэдэн цагт тарна гэж төлөвлөнө. Багийнхаа хүүхдүүдийг ч сэтгэл санаа нь хэцүү байвал ярилцах байдлаар тусалж зохицуулна. Олон хүмүүстэй уулзаад л, гэрээ хийгээд л. Төв аймгийн 15 газартай гэрээ хийж, ментороосоо мэдэхгүй зүйлсээ асууж мэдээд л төсөл маань дээшээ үсрээд л яваад байлаа.
Манай баг анх 5 хүнтэй байсан. Юмаа хийгээд л, яваад л байх тусам тэр процессдоо улам донтож, тэрхүү амьдрал, амьдралын хэв маяг таалагдаж эхэллээ. “Teen Шийдэл” уралдааны сүүлийн шатанд манайх хөрөнгө оруулалтаа авч чадаагүй. Гэвч уралдааны үеэр маш олон зочид ирсэн байсны нэг нь “Шарк Танк” шоуны продюсер байсан. “Энэ төслүүдээс танай төсөл бизнес болж чадах юм байна. Та нар сонгон шалгаруултад оролцох боломжтой шүү” гэж хэлэв. Хэд хоногийн дараа шалгаруулалт нь болж, сургуулийн зүгээс биднийг машинаар хүргэж өгөөд л, их хөөрхөн байлаа. Биднийг сургуулийнхан маань маш сайн дэмжсэн. Монгол HD-н байранд ирж төслөө танилцуулаад, буцаж байх замд “Танай төсөл эфирт гарахаар болсон байна шүү” гэж хэлэв. Бид бүхэн ямартай ч том зүйлийн ард гарсандаа баярлаж байсан ч анхны алсын хараагаа алдмааргүй, бизнес болгомооргүй, зүгээр л жаахан дэмжээд өгөхийг л хүсэж байсан юм. Удалгүй “Шарк Танк”-аас улбаалан жинхнээсээ бизнесмен хүний амьдралаар амьдарч эхэллээ. Хичээлээ зохицуулна, даалгавраа зохицуулна. Дээрээс нь Шарк Танкаас зохион байгуулдаг бизнесийн сургалтандаа сууна, жинхэнэ утгаараа бизнес төлөвлөгөө бичиж үзээд, бүх зүйлсээ хөрсөн дээрээ буулгаж, нарийвчилж үндсэн шоунаасаа өмнө анхны хөрөнгө оруулах хүнээ хайж эхэлсэн. Нэлээн хайж, төрийн ордонд хүртэл орж хүмүүстэй уулзаж үзээд л. Яг тэр үед бид нарыг бодож наашаа гэх хүн байгаагүй. Яагаад гэвэл биднийг хүүхдүүд юм чинь чадахгүй гэж харсан мэт санагддаг. Бараа борлуулна гээд байгаа, өөрсдөө сургуулийн сурагчид, тэгсэн мөртлөө маш том байнгын үйл ажиллагаа явуулах систем яриад байдаг. Тэгээд л цаанаасаа итгэж өгөхгүй байсан байх. Бидний ярьж буй үр дүн, хүлээлт хэтэрхий том санагдсан юм шиг байгаа юм. Нөгөө талаас хүмүүс биднийг бассан ч юм шиг.
Тухайн үед Төв аймагт сурдаг байх үед сургалтандаа хамрагдахын тулд өдөрт бараг 90 км замыг туулдаг байлаа. Хотод орж ирээд түгжирчихдэг болохоор маш их гүйнэ. Гэсэн хэдий ч тэр амьдрал надад таалагдсан. Тэр үед 11-р анги болчихсон байлаа. Нэг жилийн хугацаанд тиймэрхүү амьдралаар амьдарчхаж байгаа юм. Ер нь ирээдүйд ийм хүн болох юм байна гэж бодож эхэлсэн. Уг нь бол их дарамттай сонсогдож байгаа биз? Хөндлөнгөөс харж байгаа манай гэр бүлийнхэн хүртэл их дарамт мэдрээд байсан л даа. “Боливол яасан юм” гээд л. Надад бол жаргалтай байсан, бүр л донтоод байсан. Тэгээд л “Заза энэ юм байна, би ийм л хүн болох ёстой юм байна” гэж өөрийгөө ойлгосон. Тэрнээс өмнө нь бол үргэлж хийрхэж явсан байх. Тэр мэргэжлээрээ, тэр амьдралын хэв маягаараа 10, 20 жил ажилласан ч үргэлжлүүлж чадах уу гэж би өөрөөсөө асуусан. Дотроо маш дуртай байсан байхгүй юу. Тийм ч учраас дараа жил нь ахиад “Teen Шийдэл” уралдаанд оролцохоор шийдсэн.
Эхний жилд цаас дахин боловсруулах төслийн санаагаар орж байсан бол хоёр дахь жилдээ шинэ баг бүрдүүлж, мөн л шинэ санаагаар оролцсон. Хоёр дахиа ороход шинэ өнцгөөс олон зүйлсийг ойлгож авсан. Ямартай ч “Teen Шийдэл” уралдаан надад мэргэжил сонгоход гол нөлөө үзүүлсэн гэж боддог. Би бизнес, эдийн засгийн чиглэлийн мэргэжил сонгосон юм. Үндсэн мэргэжил маань энтерпренершип буюу гарааны бизнесийн ухаан. Энэ мэргэжил ер нь ховор байдаг бөгөөд ихэнх сургуулиудад эдийн засгийн мэргэжил голчилсон байдаг. Ер нь эдийн засаг, бизнес, санхүүгийн чиглэлээр явах хүсэлтэй, тооны ухааныг ойлгох гэж хичээж л байна. Бизнес салбар дотроо олон чиглэлтэй хэдий ч би алийг нь ч сонгосон байлаа хийж чадах юм шиг санагддаг. Гэхдээ хүмүүс бизнесийг ашиг олохын тулд л хийж, маш их хаягдал гаргаж, байгалийн эсрэг талд зогсож байна. Хувьдаа миний бодож явдаг зүйл бол бизнес хийсэн ч “дэлхийгээ илүү сайхан болгож чадна” гэсэн итгэл үнэмшил юм. Бизнес хийж байгаа хүмүүс заавал байгалиа хордуулах шаардлагагүй шүү дээ. Байгальд ээлтэй бизнесүүд ч илүү олон болох гээд л хичээгээд явж байх шиг байна.
Төслийнхөө хамгийн анхны хөрөнгө оруулагчдаа бид Шарк Танк шоундаа оролцохоос өмнө олохыг хичээж байв. Учир нь Шарк Танк манай төслийг шууд л бизнес болгох гээд байсанд юм. Харин бид тэгж хүсээгүй. Олсон ашгаараа шаркуудад тодорхой хэмжээний хувь өгч байсны оронд Төв аймагт маань байдаг Манзушир хийдийнхээ дэргэд отоглох цэг байгуулмаар байсан юм. Ингээд л тэрхүү сэдлээс хоёр дахь удаагийн төслийн уралдааны санаа төрөн гарсан.
Манай Манзушир чинь зуун мод гэж доороо хэсэг модтой. Хүүхдүүд бид тэр мод руу их алхдаг байлаа. Гэвч сүүлийн үед алхахаа больчихсон. Яагаад гэвэл сүүлийн үед хотоос маш их хүмүүс ирдэг болчихсон. Хүний хөл дарж, хог хаяж, өмнө нь ашигласан түүдэг галын ормыг ашиглахгүйгээр шинээр хүссэн газраа гал гаргаад л, үнс нурам нь салхинд хийсээд л, хаа сайгүй хав хар хөө болгоно. Өөрсдийн суусан бууриа ч цэвэрлэчихгүй явдаг болсон. Тийм нөхцөлд байгаад байхаар нутгийн бидэнд маш хэцүү байдаг. Бид өөрсдөө очиж хогоо түүдэг, гэсэн ч түүгээд түүгээд барагдахгүй, дахиад л хогоор дүүрчихнэ. Өөрөөр хэлбэл аялагчдад соёл хэрэгтэй байна л даа. Жишээ нь хотоос хол Баян-өлгий, Увс, Ховд зэрэг хол зайнд хөдөө явахад хүмүүс байгалиа хайрлаад соёлтой аялдаг мөртлөө дэргэдээ байгаа байгалиа хайрлаж чаддаггүй. Тийм болохоор зориулалтын отоглох цэг байгуулж отоглох цэгийн ойлголт өгье, би өөрөө маркетинг хийх сонирхолтой юм чинь сурталчлаад өгье, отоглох соёлыг түгээе гэж бодсон. Хоёр дахь төслийн санаагаар борлуулалт огт хийлгүйгээр ашгийн бус байлгахаар өөртөө амлаж байлаа. Отоглох цэгийн төслөөрөө мөн л сүүлийн шат хүртэл явсан ч санхүүжилт авч чадаагүй ээ.
Хүн болгонд өөр өөрсдийн хүсэл тэмүүлэл бий, надад ч мөн адил. Төсөл ч бай, ажил ч бай баг бүрдүүлэхэд анхаарах зүйл бол дотоод ертөнц. Багийнхан маань хүсэл тэмүүлэлгүй, өөр өөр хүлээлттэй байгаа тохиолдолд маш хэцүү. Тэр бүх ялгаатай хүлээлтүүд биелэх боломжгүй шүү дээ. Хүлээлт нь биелэгдэхгүй тохиолдолд нөгөө хүн маань хөдлөхөө больчихдог. Үүнээс болж маш их асуудал гардаг л даа. Нэг нь илүү ихийг хийж ядраад л, нөгөөх нь зогсонги байгаад л. Хүмүүс баг бүрдүүлэхдээ энэ хүн бичихдээ сайн юм чинь багтаа авчихья, энэ хүн санхүү сайн хөтөлдөг юм чинь авчихъя гэж ханддаг. Угтаа бол чухал зүйл нь тэр хүний дотор байх хүсэл тэмүүлэл юм. Хэрэв манай багийн бүх гишүүд ижил хүсэл тэмүүлэлтэй байвал нэг зорилгын төлөө зүтгэж, хэн нь ч санхүүгээ хөтлөөд аваад явчихаж чадна, үйлдэл нь цаанаасаа гарчихна. Тийм учраас багийн гишүүдээ сонгохдоо дөнгөж уралдаан зарлагдмагц л сонгож авах бус, орно л гэж бодож байгаа бол хүрээллээ эртнээс ажиглаад, дотроо ийм юм хиймээр байна гэдгээ тодорхойлоод, мөн чанараа ойлгосон, дотроосоо хүсэл эрмэлзлээ бадраасан хүнийг сонгох нь чухал юм билээ. Хүсэл тэмүүлэл байгаа бол тэр хүн хийнэ л гэсэн үг. Тэрнээс биш уралдаанд ороход санхүүгийн бакалаврын зэрэг хэрэггүй шүүдээ. Чадвартай хэдий ч хүсэлгүй хүнээр багаа бүрдүүлэх хэрэггүй.
Төслийн уралдаанд ороход нэг амин чухал зүйл бол бидний ментор байсан. Багаар ажиллаж байх үед цааш юу ч харагдахгүй, таг гацаад, юм гөлрөөд суучихдаг, түүнийгээ бид “гацалт” гэж нэрлэсэн байлаа. Би аливаа зүйлсийг маш хүндээр тусгаж авдаг, хөөргөж хэтрүүлж бодохгээд байдаг талтай. Тэр бүхий л үед ментор маань маш сайхан тайлбарлаж, хөрсөнд буулгаж өгдөг байсан. Гацалт бүрт Төгс эгчтэй ярихад л дараагийн үйлдлүүд харагдаж эхэлдэг, асуудлуудаа тайлбарлахад л шинэ гаргалгаа гаргаж, энгийнээр шийдчихдэг байлаа. Эхний уралдааны хаалтын шатны дараа манай багийнхан маш их уйлж билээ. Шалтгаан нь санхүүжилтээ аваагүйдээ биш, харин ментороосоо салах гээд байсанд юм.
Сүүлийн гурван жилд төслийн уралдаанд амьдралаа холбосноос хойш олон зүйл өөрчлөгджээ. Түүний нэг нь миний мэдэрч эхэлсэн аз жаргал. Жаргалтай байна гэдэг хүн болгоны олоод байж чаддагүй зүйл. Ажлаа хийж байхдаа хүн болгон жаргалтай байдаггүй шүү дээ. Би бол төслөө хэрэгжүүлж байхдаа жаргалтай байдаг. Мөн хүрээллээ маш ихээр тэлж чадсан. Ерөнхий мэдлэгээ бас тэлсэн юм болов уу. Дэвтэр эсвэл цаасны тухай хажууд яриад эхэлбэл мэдэхээр л түвшний боллоо (инээв).
Бидний үеийнхэнд насанд хүрэгсэд “хүүхэд юм чинь чадахгүй” гэж ханддаг. Гэхдээ эсрэгээрээ тусалъя, дэмжье, та нар чадна гэж хэлсэн хүмүүс манай менторууд байсан. Тэд нараасаа маш их урам зориг авдаг. Хүнд чинь жаахан урам зориг, хайр л хэрэгтэй юм шиг байна лээ. Хүнд жижигхээн урам зориг өгчихөд л босоод явчихдаг. Тийм хүмүүс байдаг тулдаа л өдий зэрэгтээ явж байгаа байх. Ер нь “Teen Шийдэл” уралдаанаас эхлээд янз бүрийн зүйлсэд оролцохыг хүүхэд бүхэн л чадна шүү дээ. Гол нь өөрийгөө голохгүйгээр дуртай хийх зүйлээ олох нь чухал. Одоо ч гэсэн би өөрийнхөө сонирхлын дагуу “Санхүү сайн уу?” хэмээх бяцхан хаягаа эхлүүлчихсэн, хөтлөөд явж байгаа. Манай үеийнхэн бэтэнд (bet) их донтоод байгаа учраас “Нөхдүүд ээ хуримтлал, санхүүгийн боловсролтой байх хэрэгтэй шүү, өөрийн гэсэн толгойтой байна шүү” гэсэн санааг өгөх үүднээс сонирхолдоо тулгуурлан хөтөлж байгаа. Нэг зүйлийг 100 сонсчихвол аль хэдийн дотно сонсогдоод, хоногшчихдог. Жишээ нь манай дүү миний насанд ирэхэд тэр сурталчилгааг хэдэн мянган удаа сонсчихсон, нэг мөрий тавиад үзэхэд айхгүй л болчихсон байна гэсэн үг. Тийм болохоор одоохондоо санхүүгээ хөтлөх, хуримтлал үүсгэх зэрэг хөнгөн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл бэлтгэж хүргэж байгаад яваандаа мөрийтэй тоглоом, банк хэрхэн ажилладаг зэрэг нухацтай мэдээллийг хүргэж санхүүгийн боловсролыг түгээхийг зорьж байна.
Арван жилийн дараа одоогийн өөрөөсөө юуг авч үлдсэн байгаасай гэж хүсэж байна вэ?
Одоо байгаа Шонхлойгоо л алдмааргүй байна. Би гэж нэг хүн 10 жилийн дараа шал өөр хүн болчихсон байхвий дээ л гэж боддог доо. Саяхан бага ангийнхаа найзуудтайгаа уулзахад намайг өөрчлөгдсөн байх гэж бодсон гэсэн. Гэтэл уулзаад “Өө хоолой чинь л бүдүүрснээс чи чинь яг хэвээрээ л байна” гэж байхыг бодоход одоогоор би өөрийгөө алдаагүй байна даа л гэж бодсон. Өөрийгөө л алдахгүй байхсан…