Газарзүйн хичээлийг 7 дугаар ангидаа сонирхож эхэлсэн юм. Хичээлээр үздэг сэдвүүд анхаарлыг минь ихэд татна. Гэрийн даалгавраа сэтгэлээсээ нямбай гэгч нь хийгээд долоо хоног бүр газарзүйн хичээл ордог өдрийг хүлээдэг байлаа. Зуны амралт болоход гэрт байсан хуучны “Монгол орны физик газарзүй" гэх газарзүйчдийн ширээний номыг хуудас нь сэмэртэл уншиж, ойлгох гэж оролдож билээ.
9-р ангиа төгсөх хавар газарзүйн багш маань намайг олимпиадад оролцуулах тухай хэлж, ганцхан сарын хугацаа үлдсэн тул чадахаараа л бэлдэв. Гадаа явж байхдаа энэ тэнгэрт байгаа үүл ямар төрлийн үүл вэ, гадаа хүйтэн болчихлоо - тэгэхээр хойноос Сибирь эсвэл хойд туйлын хүйтэн агаарын масс энд нэвтэрлээ гэсэн үг - одоо агаарын даралт ихсээд тэнгэр цэлмэнэ дээ гэх мэтээр номоос уншсан зүйлс тааралдвал бататгаж эсвэл ойлгоогүй үлдээснээ анзаарахыг ихэд хичээдэг байлаа. Мэдэхгүй, чадахгүй зүйлс гарч ирсэн ч миний газарзүйд дуртай хичээл зүтгэл, багшийн надад заах сэтгэлийн ачаар бэлтгэлээ тун сайн хангаж билээ. Олимпиаддаа оролцож, дүнгээ хартал аймагтаа түрүүлчихсэн байв. Дараа нь 2 сар улсын олимпиадад бэлдэж, ядраад харихад эмээ минь халуун хоол хийчихсэн хүлээдэг тул шантраагүй ээ.
5 дугаар сар хаяанд ирж, багштайгаа нийслэл хотыг зорилоо. Улсын олимпиадаас алтан медаль хүртэж, 2 жилийн дараа нь мөнгө, энэ жил хүрэл медалийн эзэн болсон. Газарзүйн ачаар МУИС-ийн дугуй танхимд хүндэт эрдэмтэн судлаачид, багш нарын үгийг сонсож, үеийн олон хүүхдүүдтэй танилцсан даа. Газарзүйн шинжлэх ухаан бол байгаль дэлхий болоод нийгмийн юмс үзэгдлийг тайлбарладаг олон шинжлэх ухааны уулзварт оршдог өвөрмөц шинжлэх ухаан гэж би боддог. Өмнө нь хүмүүс газарзүйг төдийлөн тоодоггүй байсан юм шиг. Гэвч хүн төрөлхтний өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зөв шийдвэр гаргахад газарзүйн мэдлэг, чадвар маш чухал. Эцэст нь өөрт тулгарсан бэрхшээлээсээ зугталгүй, даван туулж чадвал бид саад бүрээсээ суралцах байх. Яг л надад хэцүү байсан ч олимпиаддаа бэлдээд л байсан шиг.
YSC хөтөлбөрт Дорнод аймгаас оролцогч, “Teen Хуралдай” чуулганы 2024 оны оролцогч, Youth Power Дорнод чуулганы зохион байгуулагч О.Дөлгөөн