Ганцхан сарын хугацаанд сурсан зүйлс минь гарцаагүй амьдралд минь хүрэлцэхүйц их мэт.

Ганцхан сарын хугацаанд сурсан зүйлс минь гарцаагүй амьдралд минь хүрэлцэхүйц их мэт.

Ганцхан сарын хугацаанд сурсан зүйлс минь гарцаагүй амьдралд минь хүрэлцэхүйц их мэт.

  • 4 minute read

✏️Y STORY: Бид энэ удаагийн түүхээрээ дадлагын хөтөлбөрт оролцож төгссөн Б. Энхзаяагийн дотоод мэдрэмж, бодлын гүн рүү нэвтэрч байна.

"...Ганц ч алдаа хийж болдоггүй юм шүү гэж гараагаа эхлүүлсэн охин дадлагаа төгсөхдөө “Алдаад ч хамаагүй юм сурж байгаа нь өөрөө асар их амжилт юм байна” гэсэн бодолтой дадлагаа өндөрлүүлсэн юм. Одоо би чинь бүр дуртай байгууллагадаа маркетингийн менежерээр ажиллаж байгаа шүү дээ...

Маш санаандгүй байдлаар YSC-тай учирсан миний түүх олон шинэ зүйлийн эхлэл болчихсон юм шиг санагддаг. Анх утсаа оролдоод сууж байсан чинь гэнэт их том бичигтэй “ДАДЛАГЫН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА” гэсэн зар гараад ирсэн. Өргөдлөө явуулах сонирхол байсан хэдий ч дотроо итгэл төгс биш, тэнцэх магадлал маань бага ч юм шиг санагдаад өргөдлөө явуулж чадахгүй зугтсаар байгаад хугацаа дуусах өдрөө тулгачхав. Эцсийн мөчид зүрх шулуудан компьютероо барьж аваад 12 асуултад хариулах гэж 4 цагийн турш үзэж тарав. Өргөдлөө явуулж дууссанаас 5 хоногийн дараа “Эхний шатанд тэнцлээ” гээд л залгадаг юм. Би чинь жижигхэн юманд хүртэл ихэд баярладаг хүн болохоор тэрүүхэн тэндээ нисэх нь холгүй л амьтан үсэрч байснаа санаж байна. Ингэж л нэг сарын дадлагын аялал маань эхэлсэн…

Дадлагын хугацаанд хамтарч ажилласан хүмүүс болон биднийг хариуцаж ажилласан ах маань нэлээн элгэмсэг байсан болохоор яана даа гэхээр бартаа саад бараг л тааралдаагүй ээ. Тухайн сард надтай нийлээд нийт зургаан охин дадлага хийсэн юм. Сар бүрийн дадлагажигч нарыг дотоод ажилтнууд хоорондоо хариуцаж авдаг бөгөөд бид нарыг Бат-Эрдэнэ ах чиглүүлж ажиллав. Дадлага дуусан дуустал бид нарт хамгийн сайнаараа их зааж зөвлөсөн дөө.

Хүн болгонд ямар нэг зүйлд тэнцсэний дараах том хүлээлт бас бяцхан айдас үүссэн байдаг байх. Миний анхны дадлага байсныг ч хэлэх үү, ер нь айдастай, юу юугүй айхтар том даалгавар хийхээр болоод тэрийгээ чадахгүй бол яана аа гэж л бодож байв. Гэтэл бодит байдал шал ондоо. Бодол дотроо бүтээгээд байсан айхтар том хар нүх шиг ажил биш харин ч эсрэгээрээ яг л ажлын байранд гараад хэрэг болох EQ болон IQ чадваруудыг хөгжүүлэх зүйлс хийлгэж байв. Хийж байгаа ажил болон үүрэг даалгаврууд 7 хоног болгон өөрчлөгддөг болохоор янз янзын зүйлсийг их туршиж үзнэ. Жишээ нь орчуулах, шинэ санаа гаргах, танилцуулга бүтээхээс эхлээд л. Тухайн үед ерөнхий хийж байгаа ажлуудын маань ихэнх нь “TEEN Шийдэл” төслийн уралдаан зарлагдах гэж буйтай холбоотой байсан болохоор түүнд зориулсан брошюр, судалгаа гэх мэт зүйлсийг хийдэг байв. Гэхдээ хамгийн сонирхолтой бөгөөд намайг сорьж чадсан даалгавар нь подкаст хийх байлаа. Тогтмол подкаст сонсоод явдаг миний хувьд “Өөө дажгүй амархан л байлгүй” гэж бодогдоод огт сандрахгүй л яваад байв. Тэгсэн би чинь нэг сарын дадлагын хугацаанд нийт 5 подкаст хийхээр болоод гэнэт балмагдчихсан. “ЮУ ЯРИХ ВЭ?” гээд л будилаад хурлын өрөөнд 2 тийш баахан ганхаж, зогсож зогсож байгаад төлөвлөгөө гаргачхаад л шууд зориглоод камер, микрофон суурилуулсан өрөө рүү том том алхаад орлоо доо. Хамгийн эхний подкастаараа хамт дадлага хийж байсан Чин-Ундрам эгчтэй маш богино хугацаанд IELTS-ын шалгалтын талаарх асар их хэрэгтэй мэдээллүүдийн тухай ярилцаж дуусгав. Тэр бүхний дараа би өөрийгөө улаа бутарсан хацартай бүтэн өдөржингөө явснаа их тод санадаг.

Дараа дараагийн дөрвөн подкастаа харин ч нэг сандралгүйгээр, наддаа л дажгүй хөтлөөд явсан юм шиг ээ. Асуулт нь ч арай оновчтой болоод, өмнө нь ёстой туршиж үзсэн хүн шиг л ярьж чадав. Хөтөлж ярьсан бүх подкастдаа би өөрөө дуртай. Гэхдээ надад хамгийн дурсамжтай, сэтгэлд дулаахан нь эхний дугаар юм. Санаанаас огт гардаггүй. 35 минутын турш тасралтгүй амаараа харилцаж байгаа хэр нь нүдээрээ ч давхар харилцаад “Асуулт нь болж байна уу?” гэсэн шиг хараад л ойлголцчихсон нь их хөөрхөн. Подкастад хэрхэн чадвараа дээшлүүлэх талаар ярьсанаас гадна орчин үеийн техник тенхологи, хиймэл оюун ухааныг хэрхэн өөрийн зорилгодоо уялдуулан ашиглах талаар ч ярьсан байгаа. Өөрөөр хэлбэл хүн сурахдаа тулбал зөвхөн сургалтын байгууллагаар сурдаг юм биш, өөрөөр ингээд сурч болдог юм шүү л гэдгийг өгүүлдэг. Тиймээс шалгалтаа өгч амжаагүй эсвэл өгөх гээд бэлдэж байгаа хүмүүс үзвэл их хэрэг болох байх аа.

Одоо ингээд бодох нь ээ ганцхан сарын хугацаанд сурсан зүйлс минь магад гарцаагүй амьдралын минь турш хүрэлцэхүйц их юм шиг. Цаашид хаана ч, хэнтэй ч ажиллаж, есөн шидийн сорилт тулгарсан бай ингээд л давчхаж чаддаг болсон гэж бодохоор л өөрөөрөө их бахархам санагддаг. “Ганц ч алдаа хийж болдоггүй юм шүү” гэж гараагаа эхлүүлсэн охин дадлагаа төгсөхдөө “Алдаад ч хамаагүй юм сурж байгаа нь өөрөө асар их амжилт юм байна” гэсэн бодолтой дадлагаа өндөрлүүлсэн байдаг. Одоо би чинь бүр дуртай байгууллагадаа маркетингийн менежерээр ажиллаж байгаа шүү дээ.

Нэг сарын хугацаа гэдэг чамлахаар богино хугацаа юм шиг боловч үнэн хэрэгтээ харвасан сум шиг өнгөрч, өөрийгөө бүрэн дайчилж, өөрийгөө нээх боломжийг хангалттай олгодог аж. Хэрвээ танд дадлага хийх эрч хүч, хүсэл тэмүүлэл байвал хойш суулгүй өөрийгөө сориод үзээрэй. Би таныг чадна гэж итгэж байна. Та ч өөртөө итгэх л хэрэгтэй.