Жил бүр Монгол Экологи Төвөөс Монгол орны 21 аймгийн байгальд ээлтэй залуусыг нэгтгэн зохион байгуулдаг Teen Хуралдай чуулганд оролцсон залуус өөр өөрсдийн нутаг оронд ижил төстэй жишиг чуулганыг 3 дахь жилдээ зохион байгуулж буй. Тэгвэл Дорнод аймгийн байгальд ээлтэй ахлах ангийн сурагчид энэхүү давалгаанд нэгдэн, өөрсдийн төрөлх аймгийн төв Чойбалсан хотноо “Youth Power in Dornod” (Дорнод аймгийн Залуусын хүч) чуулганыг амжилттай зохион байгууллаа.
Чуулганд Дорнод аймгийн 8 сумын төлөөлөл болсон 90 сурагч оролцож, байгаль орчноо хамгаалахтай холбоотойгоор цөлжилт, хог хаягдал, усны хэмнэлтийн талаар хэлэлцэж, үндэсний өв соёлоо хадгалах, түүнд дижитал арга замыг хэрхэн ашиглах тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Чуулганыг Дорнод аймгийн ахлах ангийн сурагчид буюу Teen Хуралдай чуулганы оролцогчид болох Л.Жавхлантөгс, О.Дөлгөөн, Э. Тэмүүлэн, Э.Болор, М.Тэнгис нар зохион байгуулж, Баянхонгор аймгийн чуулганы зохион байгуулагч Ө.Должинсүрэн, 29-р тусгай сургуулийн чуулганы зохион байгуулагч Д.Энхмэнд нар хамтран зохион байгуулжээ.
Эдгээр сурагчдыг аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газар, Дархан Цаазат Газруудын Дорнод хамгаалалтын захиргаа болон Дэлхийн Зөн ОУБ тус тус дэмжин ажиллав.
Чуулганыг хамтран зохион байгуулагч Д.Энхмэнд, Ө.Должинсүрэн нараас оролцогчид дохионы хэл суралцаж, хүүхэд бүхэн дохионы хэлээр өөрсдийгөө танилцуулж, мэндчилж, талархаж сурчээ. Энэхүү үйл явдал нь өсвөр үеийнхний хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, ялгаатай байдлын тухай танин мэдэхэд хувь нэмэр оруулсныг оролцогчид онцолж байв.
Чуулганыг зохион байгуулсан сурагчид итгэл найдвар, эрч хүч, урам зориг олж авч, байгаль орчны талаарх үнэт зүйлсээ бусдадаа хуваалцдаг бөгөөд, зөв хүрээлэл, нөхөрлөлийг бий болгож буйдаа баяртай байдаг тухай бидэнд хуваалцсан юм.
Залуусын хүч чуулганыг амжилттай зохион байгуулсан хүүхдүүддээ болон туслалцаа, дэмжлэг үзүүлсэн албан байгууллага, хувь хүмүүстээ гүн талархал илэрхийлье!
Бид хамтдаа байгальд ээлтэй залуу манлайлагчдыг бүтээж байна.