Баруун таван аймгийн YOUTH POWER чуулганыг отголж, Завхан аймгийн Улиастай хотноо байгальд ээлтэй залуусын чуулган тавдугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хангайн нуруун нутгийн эзэд, Отгонтэнгэр хайрханы өвөрт өсөж торнисон залуус “Байгаль орчны хамгаалал ба экосистем” сэдвийн хүрээнд асуудлын шийдлийг хэлэлцэж тунхаг бичигт буулган, шийдвэр гаргагчад гардуулан өглөө.
“Youth Power in Zavkhan” чуулганд Завхан аймгийн 15 сумын 20 сургуулийн төлөөлөл болсон 70 гаруй ахлах ангийн сурагчид оролцож, өөрсдийн оршин буй газар тулгамдаад буй байгаль орчны асуудлыг хөндөн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тодруулбал, Улиастай хот, Тосонцэнгэл, Шилүүстэй, Отгон, Сантмаргаз, Ургамал, Цагаанчулуут, Тэс, Баянтэс, Яруу, Нөмрөг, Идэр, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан сумаас залуу манлайлагчид хүрэлцэн иржээ.
Ерөнхий зохион байгуулагчаар Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус хөтөлбөрийн дэргэдэх Teen Хуралдай чуулганы оролцогчид болох Б.Наранцэцэг, Н.Чингүүнэ, Г.Лхагважаргал, Э.Бямбасүрэн нар ажилласан ба М.Дайриймаа, М.Пүрэвсүх, Б.Оюунхорол нар туслах зохион байгуулагчаар ажилласан байна. Youth Power чуулганы үеэр санал хураалт, багийн ажиллагаа, чөлөөт үйл ажиллагаануудыг дижитал технологи ашиглан инновацлаг байдлаар шийдсэн нь хог хаягдал, цаасны хэрэглээг бууруулахад эергээр нөлөөлж, бусдадаа үлгэрлэсэн явдал байв.
Чуулганы төгсгөлд нарны цахилгаан станцыг сумдад бий болгож, бие даасан хараат бус цахилгааны эх үүсвэртэй болох, цахилгаанаа хэмнэсэн жижиг дадлуудыг хэвшүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн халдашгүй байдлыг хуулиар бүрэн хамгаалах зэрэг санаачлагуудад санал нэгдэн тунхаг бичигт буулгажээ. Тунхаг бичгийг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц захиргаа удирдлагын албаны дарга М. Нарангэрэлд гардуулан өгөв.
Холбогдох салбарын мэргэжилтнүүд чуулганы үеэр илтгэл тавьж, залууст шинэ мэдлэг мэдээллийг түгээв. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо, биологийн олон янз байдал, соёлын өв ба Монголчуудын нэгдмэл байдал, ус, агаар, хөрсний бохирдол, тусгай хамгаалалттай газар зэрэг сэдвийн хүрээнд сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог юм.
Аймгийн хэмжээний байгальд ээлтэй залуусын чуулганыг Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулав.
Хүүхэд залуусын оюунд үнэтэй хөрөнгө оруулж дэмжин ажилласан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Breathe Mongolia” ТББ болон хувь хүмүүстээ гүн талархал илэрхийлье! Бусдадаа үлгэрлэж, чуулганыг зохион байгуулсан багийн гишүүддээ халуун баяр хүргэе!
Бид хамтдаа оюуны чагтаа тайлж, гэрэлт ирээдүйг бүтээж байна.