Y Мэдээ: Эзэн Чингис хааны өлгий нутаг дахь байгальд ээлтэй залуусын анхдугаар чуулган

Y Мэдээ: Эзэн Чингис хааны өлгий нутаг дахь байгальд ээлтэй залуусын анхдугаар чуулган

Y Мэдээ: Эзэн Чингис хааны өлгий нутаг дахь байгальд ээлтэй залуусын анхдугаар чуулган

  • Buyanjargal Achit

  • 6 Apr 2025

  • 2 minute read

Их Эзэн Чингис хааны өлгий нутагт байгальд ээлтэй залуусын чуулган “YOUTH POWER in KHENTII” нэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

image

Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг билээ. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог.

Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдсан аймгийн анхдугаар чуулганд 12 сумын 17 сургуулийг төлөөлсөн 72 сурагч оролцож, байгаль орчны бохирдол сэдвийн дор мэдлэг бүтээн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал Хэрлэн голын орчны бохирдол, уул уурхай, ахуйн жорлонгоос үүдэлтэй бохирдлууд, газар хөдлөлт, гамшгийн үед тулгамддаг асуудал зэрэгт шийдэл дэвшүүлж, санал солилцов.

image

Ерөнхий зохион байгуулагчаар Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн  11-р ангийн сурагч С.Болортуяа, Тэмүүжин сургуулийн 11-р ангийн сурагч Б.Дарьбазар, Teen Хуралдай 2024 чуулганы оролцогч, Бэрх олон улсын сургуулийн 10-р ангийн сурагч Б.Цэлмэг нар ажилласан байна. Зохион байгуулагч хүүхдүүд бусад аймгийн “YOUTH POWER” чуулганыг зохион байгуулах ажлаас туршлага судалсан нь уг чуулганыг анхны удаа зохион байгуулахад маш их дэмжлэг болсон тухай онцолсон юм.

Нийт оролцогчид санал санаачилга, шийдлээ нэгтгэж тунхаг бичигтээ буулган, Хэнтий аймгийн байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунмандалд гардуулан өгөв. Тэрбээр “Хэнтий аймгийн сум бүрийн төлөөлөл болсон хүүхдүүдийн дуу хоолойг цааш уламжилж, үйл ажиллагаанд тусгана” хэмээлээ. Чуулганыг Хэнтий аймгийн ИТХ, ХГБХХГ, ЗДТГ, Байгаль орчны газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Стрийм төсөл дэмжин ажилласан байна.

imageimage

Эх орон, үзэсгэлэнт байгалийнхаа үнэ цэн, асуудлыг танин мэдэж, залуусын дуу хоолойг нийгэмд хүргэн үеийнхэндээ үлгэрлэж чадсан зохион байгуулагч хүүхдүүддээ баяр хүргэе! Чуулганыг дэмжин ажиллаж, залуусын экологийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан албан байгууллага, хүн нэг бүрт гүн талархал илэрхийлье.

ЗАЛУУСЫН ХҮЧИНД ЗАХ ХЯЗГААР ҮГҮЙ…

imageimageimage