Y Мэдээ: Өвөрхангай аймгийн ЗАЛУУСЫН ХҮЧ гурав дахь жилдээ

Y Мэдээ: Өвөрхангай аймгийн ЗАЛУУСЫН ХҮЧ гурав дахь жилдээ

Y Мэдээ: Өвөрхангай аймгийн ЗАЛУУСЫН ХҮЧ гурав дахь жилдээ

  • Buyanjargal Achit

  • 2 minute read

Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Youth Power in Uvurkhangai” байгальд ээлтэй залуусын чуулган гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганд Өвөрхангай аймгийн 17 сумын 72 манлайлагч сурагч оролцож, өөрсдийн дуу хоолой, нэгдмэл үнэт зүйлсээ хэлэлцэн, тунхаг бичгээ баталж шийдвэр гаргах түвшнийхэнд гардуулан өгчээ.

Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг билээ. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог.

image

Жилээс жилд хүртээмж, агуулга, оролцогчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн сайжруулж байдаг Өвөрхангай аймгийнхан энэ жил нийт чуулганд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулж, эргэх холбоотой байхад анхаарч ажиллажээ. Байгальд ээлтэй залуусын дуу хоолойг нийгэмд хүргэхийн тулд төр, хувийн хэвшил болон бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, “YSC” хөтөлбөрийн урьд урьдны оролцогч хүүхдүүдийг ч туршлага хуваалцуулахаар урьж оролцуулсан байна. Мөн залуусыг байгаль орчноо танин мэдэх үйлд уриалж, цахим орчинд контент бүтээхэд ихээхэн хүчин зүтгэл гаргажээ. Чуулганы бас нэгэн онцлог нь Монгол Экологи Төвөөс хэрэгжүүлдэг “National Park Academy” хөтөлбөрийн шилдэг байгаль хамгаалагчаар шалгарч, АНУ-д аялах эрхийн эзэн болсон М.Мөнхдалайг зочноор урьж, залууст байгаль хамгаалагчийн ажлын онцлог, ач холбогдлыг танин мэдэх боломж олгожээ.

image

Хэлэлцүүлэг, багийн ажиллагаа нь байгаль орчин ба өв соёлын талаарх сэдвийн хүрээнд өрнөж, санал нэгдсэн эцсийн шийдлүүдийг тунхаг бичигт буулган, эх хувийг Өвөрхангай аймгийн ЗДТГазарт, гурван хуулбар хувийг БОГ, ХГБХХГ, ИТХ-д тус тус хүлээлгэн өгсөн байна. 

“Youth Power in Uvurkhangai” чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Teen Хуралдай” үндэсний чуулганы оролцогчид болох Ц.Гэрэлсүрэн, Н.Тайванжаргал, И.Нацагдорж, М.Уранчимэг, Б.Саруулзаяа нар ажиллаж, арван нэгэн сайн дурын ажилтан оролцож, дараа үеийнхэндээ үлгэрлэх жишиг чуулганыг зохион байгуулж чаджээ.

“Залуусын хүч” чуулганыг Өвөрхангай аймгийн ЗДТГ, ХГБХХГ, БОГ, Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Unitel компанийн Өвөрхангай аймаг дахь салбар, Гэр комплекс Монголиа, Хархорин музей зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Харин Өвөрхангай аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баян-Өндөр сумын ЗДТГ, Хужирт сумын ЗДТГ, Хас банкны Өвөрхангай аймаг дахь салбар, “Хужирт Цагаан” ХХК чуулганыг зохион байгуулахад дэмжин ажилласан байна.

Эх орныхоо байгаль орчны асуудлыг эргэн тойрондоо таниулж, үе тэнгийнхнийхээ дуу хоолойг нэгтгэн, шийдвэр гаргах түвшинд хүргэсэн зохион байгуулагчдад баяр хүргэж, хамтран ажилласан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье! 

Бид хамтдаа чанартай мэдлэг, гэрэлт ирээдүйг бүтээж байна!

imageimageimage