“YOUTH POWER” буюу “ЗАЛУУСЫН ХҮЧ” чуулган өнгөрөгч хоёрдугаар сард Төв аймагт амжилттай зохион байгуулагдаж, аймаг бүрт зохион байгуулагддаг YOUTH POWER чуулганы 2025 оны хаврын улирлыг нээсэн билээ.
Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” нэрийн дор зохион байгуулдаг. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог.
Байгальд ээлтэй залуусын чуулганд Төв аймгийн 19 сургуулийн төлөөлөл болсон 90 сурагч оролцсон ба “Орчны бохирдол” сэдвийн дор мэдлэг бүтээж, хэлэлцжээ. Тодруулбал хөрсний бохирдол, усны бохирдол, тээврийн хэрэгслээс ялгарч буй бохирдлын талаар 90 оролцогчид санал нэгдэж, түүнд тохирох шийдлийг санаачлан чуулганы тунхаг бичигтээ тусган, Төв аймгийн бодлогын хэлтсийн дарга Н. Мөнхцэцэгт гардуулан өгсөн байна.
Ерөнхий зохион байгуулагчаар “Teen Хуралдай” чуулганы 2022, 2023, 2024 оролцогчид болох Б.Билгүүн, М.Даваажаргал, М.Ерөөлтхүү нар ажилласан. Уг чуулганы онцлог нь өмнөх жилийн бүсийн хэмжээний чуулга буюу Говьсүмбэр, Төв, Дундговь аймгуудыг нэгтгэсэн “YOUTH POWER GTD” чуулганаас салбарлан Төв аймгийн хэмжээнд бие даан зохион байгуулагдсанаараа онцлог юм. Чуулганыг Монгол Экологи Төв, Төв аймгийн ХГБХХГ, Дэлхийн Зөн ОУБ хамтран зохион байгуулсан бол Аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар дэмжин ажиллажээ.
Эх орныхоо байгаль орчны асуудлыг эргэн тойрондоо таниулж, үе тэнгийнхнийхээ дуу хоолойг нэгтгэж шийдвэр гаргах түвшинд хүргэсэн зохион байгуулагчдад баяр хүргэж, хамтран ажилласан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье!
Залуусын хүчинд зах хязгаар үгүй.