Говь-Алтай аймгийн Алтай хотноо “YOUTH POWER in GOVI-ALTAI” чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Байгальд ээлтэй залуусын чуулганд 18 сум, 2 тосгоноос хүрэлцэн ирсэн 80 манлайлагч сурагч цуглаж, аймгийн хэмжээнд тулгамдаж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, тохирох шийдлүүдийг санаачилсан юм.
Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг билээ. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог.
Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Teen Хуралдай” үндэсний чуулганы оролцогчид болох Г.Баасанжаргал, М.Тэгшжаргал, Д.Уртнасан, Г.Буян-Ундрах нар ажиллаж, мөн арван нэгэн сайн дурын гишүүд хамтран зохион байгуулжээ.
Багийн ажиллагаа, хэлэлцүүлгийн үр дүнд 80 оролцогч саналаа нэгтгэн тунхаг бичигт буулгаж, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Содмаад гардуулан өглөө.
Байгальд ээлтэй залуусын чуулганыг Говийн Их Дархан Цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Байгаль орчны газар, Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ болон Дэлхийн Зөн Монгол байгууллагууд тус тус дэмжин ажиллажээ.
Залуусын дуу хоолойг нийгэмд хүргэж, байгаль орчин, өв соёлоо хамгаалан сахих үйлийг таниулж чадсан зохион байгуулагч хүүхдүүддээ баяр хүргэж, дэмжин ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.
Бид хамтдаа эх дэлхийгээ хайрлан хамгаалж байна!