Эх орны минь баруун хязгаар Баян-Өлгий аймгийн манлайлагч залуус “YOUTH POWER in BAYAN-ULGII” байгальд ээлтэй залуусын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа. Аймгийн төв Өлгий хотноо дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулгадсан уг чуулганд 6 сумын 70 гаруй ахлах ангийн сурагч оролцов. Эдгээр сурагчид аймгийн хэмжээнд тулгамдаад буй байгаль орчны асуудлуудыг хэлэлцэх замаар санал солилцож, түүнд тохирсон шийдлүүдийг санаачилж, тунхаг бичигт буулган, аймгийн шийдвэр гаргагчдад гардуулж өгсөн юм.
Тансаг хээгээр чимсэн казах үндэсний хувцас халх энгэрт дээлний хамт зэрэгцэн байх нь олон угсаатны эв нэгдлийг харуулах шиг, хурдан цоглог хэмнэлтэй хоёр чавхдаст домбор хөгжмийн аялгуу залуусын жавхааг бэлгэдэх шиг санагдана. Алтайн сүрлэг уулсын экосистемийг хамгаалах хүсэл, сум бүрийн төлөөлөл болсон тэдний шинэлэг санаа гээд энэхүү чуулганаас онцлон эшлэх зүйлс олон байлаа. Алтан соёмбот төрийн далбаагаа харж зүрхэндээ гараа тавин дуулах нь Монгол орны гэрэлт ирээдүйг өөрийн эрхгүй бодогдуулна.
Чуулганд оролцогчид орчны бохирдлын хор нөлөөг гол сэдвээ болгон хэлэлцэж, үүн дотроо агаарын, хөрсний, усны бохирдол гэхчлэн ангилж, дэлгэрүүлэн ярилцжээ. Манлайлагч залуус саналаа нэгтгэж, гарын үсгээр баталгаажуулсан тунхаг бичгээ Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн хэлтсийн дарга М.Адилбиш болон Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга К.Бекжан нарт гардуулан өгсөн байна.
Ерөнхий зохион байгуулагчаар Teen Хуралдай чуулганы оролцогч Б.Аманда, туслах зохион байгуулагчаар Т.Аймөлдир, Б. Сырымбек, Б.Нурхажы, Б.Нурсултан нар ажиллажээ. Уг чуулганыг аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Байгаль орчны газар хамтран зохион байгуулсан бол Эрчим-Баян ХХК, Медиана ХК, Баян-Өлгий аймаг дахь Мобиком салбар, Хаан банкны салбар, Коззи ХХК зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна.
Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг билээ. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог юм.
Залуусын дуу хоолойг нийгэмд хүргэж, бусдадаа үлгэрлэж буй зохион байгуулагч хүүхдүүддээ баяр хүргэж, байгальд ээлтэй залуусын чуулганыг зохион байгуулахад хамтарч, дэмжиж ажилласан төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.
Бид хамтдаа гэрэлт ирээдүйг бүтээж байна!