Ховд аймгийн Жаргалант хотноо дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд “Youth Power in Khovd” чуулган 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Байгальд ээлтэй залуусын чуулганд Ховд аймгийн 17 сумын 90 оролцогч хамрагдаж, аймгийн хэмжээнд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг хоёр өдрийн турш хэлэлцэн, тохирох шийдлүүдийг санаачлан тунхаг бичигт буулгасан юм.
Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг билээ. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдэг.
Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар TEEN ХУРАЛДАЙ үндэсний хэмжээний чуулганы оролцогчид болох Т.Ган-Эрдэнэ, Н.Дөлгөөнжаргал, И.Сугарбилэг, О.Хулан нар ажиллаж, YSC хөтөлбөрийн оролцогчид болох Г.Ариунгоо, Т.Мадина, Б.Гүнтамир нар зохион байгуулалтанд оролцжээ.
Сумдын төлөөлөл болсон хүүхэд залуус мал аж ахуйн өсөлт, бэлчээрийн даац, хотжилт ба инновац сэдвүүдийн хүрээнд саналаа солилцож, асуудлыг шийдлийг санаачлан тунхаг бичигт буулгасан байна. Уг тунхаг бичгийг Ховд аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүүд танилцуулж, хүлээлгэн өглөө. Тэрбээр улс орны ирээдүй хойч болсон залуу үеэ бүх талаар дэмжиж, “ТУНХАГ БИЧИГ”-т тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.
"ТУНХАГ БИЧИГ"-т Аварга малчин гэсэн цолыг халж чанартай малчин гэсэн цол гаргах, Цөөн бөгөөд чанартай мал аж ахуйг бий болгох, Малын гаралтай түүхий эд дахин боловсруулдаг үйлдвэр барих, Хуванцар, метал хайлуулдаг үйлдвэрийг аймагтаа барих гэсэн санаачилгуудыг тусгажээ.
Байгальд ээлтэй залуусын чуулганыг Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж, Unitel команийн Ховд аймаг дахь салбар, WWF Mongolia, “Ховд эко цемент” байгууллага болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин ажилласан байна.
Хүүхэд залуусын оролцоог дэмжиж, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөөг авч ирж буй зохион байгуулагч хүүхдүүдээ баяр хүргэж, дэмжин ажилласан хувь хүн, байгууллагууддаа гүн талархал илэрхийлье!