Бид сар бүр нэг усны сав иддэг гэж үү?

Бид сар бүр нэг усны сав иддэг гэж үү?

Бид сар бүр нэг усны сав иддэг гэж үү?

  • Оюунбилиг Нэргүй

  • 18 Apr 2025

  • 3 minute read

Насанд хүрсэн хүн нэг сард дунджаар 22 грамм буюу жижиг усны савтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг ходоод руугаа оруулдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ бол зүгээр нэг хэтрүүлэг биш, шинжлэх ухаанч судалгаанд суурилсан бодит баримт юм. Бидний нүдэнд үл үзэгдэх "чимээгүй дайсан" гэж нэрлэгдээд буй 5 миллиметр хүрэхгүй хэмжээтэй жижиг хуванцар хэсгүүд хөрс, агаар, хоол хүнсэнд олноороо оршиж байдаг. Эдгээр хуванцрууд бидний эргэн тойронд аль хэдийн оршоод эхэлчихсэн байхад та арай мэдэхгүй байгаа юм биш биз. Хэрэв тийм бол бид эдгээр хуванцрууд хүний биед хэрхэн ордог, байгаль орчин болон эрүүл мэндэд ямар нөлөөтэй зэрэг сонирхолтой баримтуудыг хүргэе.


  1. Анхдагч уу, хоёрдогч уу? 

Бичил хуванцар нь гарал үүслээрээ хоёр хэсэгт хуваагддаг.

Анхдагч бичил хуванцар- Энэ нь гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, хуванцар сав баглаа үйлдвэрлэх үйлдвэрлэлийн явцад үүсдэг жижиг хэмжээний хуванцар хэсгүүд юм. 

Хоёрдогч бичил хуванцар- Эхнийхээс ялгаатай нь том хэмжээний хуванцар биеүд нар, салхины нөлөөгөөр байгальд задрах явцад бий болдог.

  1. Бидний хоол хүнсэнд нуугдсан хуванцар.

2019 онд Киран Д.Кокс ахлагчаар удирдуулсан Америкийн Химийн Нийгэмлэгийн судлаачид хоол, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах бичил хуванцрын хэмжээг тогтоосон. Үр дүнд нь:

  • 1 грамм далайн хүнсэнд 1.48 ширхэг

  • 1 грамм давсанд 0.11 ширхэг

  • 1 литр хуванцар савласан усанд 94.37 ширхэг

  • 1 м³ агаарт 9.80 ширхэг бичил хуванцар агуулагдаж байдаг хэмээн тооцоолсон.

  1. Сард “усны сав” шиг хэмжээтэй хуванцар залгиж байна.

Дээр дурдсан судалгааны эцэст эдгээр бичил хэсгүүдийг өдөр тутамд хэрэглэж буй хоол хүнс, амьсгалж буй агаарын хэмжээгээр үржүүлэн тооцож насанд хүрсэн хүн долоо хоногт дунджаар 5 грамм, сард ойролцоогоор 22 грамм, харин амьдралынхаа туршид нийт 21 килограмм гаруй бичил хуванцрыг залгидаг хэмээн дүгнэсэн байна.

  1. Хувцас ч бас буруутай.

Бага өртгөөр их хэмжээний чанаргүй хувцас үйлдвэрлэдэг компаниуд нейлон материалыг ихэвчлэн ашигладаг ба үүнд олон тооны бичил хуванцрууд оршдог. Эдгээр эдэлгээ муу хувцаснуудыг угаах үед бичил хуванцрууд усаар дамжин шүүлтүүрээр шүүгдэлгүй үлдэж, эцэстээ ундны ус руу хүрдэг байна.

  1. 20 жилийн өмнө бичил хуванцар гэж мэддэггүй байсан. 

Хүн төрөлхтөн анх 1907 онд хуванцар гэх бодисыг бий болгож одоог хүртэл өдөр тутамдаа хэрэглэж байна. Харин 2004 он хүртэл энэхүү бодисоос бичил хуванцар гэх зүйл ялгардаг гэдгийг мэддэггүй байсан ба анх Английн биологич Ричард Томмсон судалгааны ажилдаа бичсэнээр дэлхий нийтэд таниулжээ.

  1. Эверест ч тэднээс зугтаж чадаагүй.

Эверестийн оргилд гарна гэдэг хэн бүхний давж чадах даваа биш. Мэргэжлийн уулчид олон жил бэлтгэл хийсний эцэст гардаг том оргилд бичил хуванцар аль хэдийн оччихсон байна. 2019 онд “National Geographic Society”-н хийсэн судалгааны явцад Эверестийн оргилоос холгүй зайд 1 миллиметр хүрэхгүй хэмжээтэй бичил хуванцар олдсон байна.

  1. Бие жижиг ч бэлчээр том. 

Бичил хуванцрууд хүний биед эсийн үхэл, уушги, элэгний үрэвсэл, гэдэсний микробиомын өөрчлөлт, липид ба дааврын солилцооны өөрчлөлт бий болгодог ба эдгээр нь хүндэрвэл үхэлд ч хүргэх аюултай. Тэгэхээр жижиг хэмжээтэй гэж басалгүй энэ асуудлыг анхааралдаа авсан нь зүйтэй.

  1. Байгаль орчинд бас хөнөөлтэй.

2020 онд Royal Society сэтгүүл бичил хуванцрууд нь хөрсний гадаргад амьдардаг хачиг, авгалдай болон газрын үржил шимийг хадгалж байдаг бусад жижиг амьтдын тоо толгой буурахад хүргэдэг гэж нийтэлсэн байна. Хөрс үржил шимгүй болох нь цаашлаад хөрсөнд хамааралтай бие организмууд цөөрч, идэш тэжээлийн хэлхээнд нөлөөлснөөр экологийн тэнцвэрийг алдагдуулах сөрөг нөлөөтэй.

Хэмжээгээрээ өчүүхэн хэдий ч бидний амьдралын нэгээхэн хэсэг болоод буй бичил хуванцрыг тоохгүй өнгөрүүлж болохгүй юм. Өдөр тутамдаа хэрэглэж буй хуванцар бүтээгдэхүүнээс эхлээд худалдан авч буй хувцсандаа илүү хариуцлагатай хандаж эдгээр бичил хуванцруудын үзүүлэх сөрөг нөлөөг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Бичил хуванцрын талаар тодорхой ойлголттой болсон гэж найдъя. Мэдлэгээ найзуудтайгаа хуваалцаарай!

Y Facts нийтлэлийг бэлдсэн 4-р сарын дадлагажигч: М.Ану-Үжин.

Ашигласан эх сурвалж: