Орчин үеийн амьдрал тархийг ядраадаг уу?

Орчин үеийн амьдрал тархийг ядраадаг уу?

Орчин үеийн амьдрал тархийг ядраадаг уу?

  • Оюунбилиг Нэргүй

  • 3 minute read

XXI зуун бол мэдээллийн эрин үе. Өдөр бүр бид хэдэн зуун мэдээ мэдээлэлд өртөж, төрөл бүрийн даалгавар зэрэг гүйцэтгэн, олон төрлийн шийдвэр гаргаж амьдарч байна. Хэдийгээр технологийн хөгжил бидний амьдралыг хялбарчилсан мэт харагдавч, нөгөө талаас оюун санаа, мэдрэлийн тогтолцоонд асар их ачаалал үүсгэж буйг анзаарах хэрэгтэй. Орчин үеийн амьдралын энэхүү хурд, дарамт нь хүний тархийг улам ядрааж, удаан хугацаанд стресс, анхаарал сарнилт, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэх болсныг судлаачид судалсан байна.

Юуны өмнө мэдээллийн хэт их ачаалал (information overload) гэдэг ойлголтыг харж үзэхэд өдөр бүр бид гар утас, компьютер, телевизээр дамжуулан хэдэн мянган шинэ мэдээлэл хүлээн авч байна. Ийм их мэдээллийг боловсруулах гэж оролдох нь тархинд байнгын стресс үүсгэдэг. Судалгаанаас үзэхэд, хүний тархи нэг цагт зөвхөн тодорхой хэмжээний мэдээллийг үр дүнтэй шингээж, боловсруулж чаддаг бөгөөд үүнээс илүү их мэдээлэлтэй тулгарвал шийдвэр гаргах чадвар сулрах, анхаарал төвлөрөхгүй болох, сэтгэл түгших зэрэг шинж илэрдэг ажээ.

Орчин үед олон даалгавар зэрэг гүйцэтгэх (multitasking) хэвийн үзэгдэл мэт болсон. Ихэнх хүмүүс ажил болон хичээлээ хийхийн хажуугаар утсаар ярьж, чат бичиж эсвэл бичлэг, дуу сонсох нь түгээмэл болсон. Гэвч тархи маань зөвхөн нэг юманд төвлөрч чаддаг тул анхаарал сарнисан үед хийж буй ажил маань үр дүн багатай болдог. Олон даалгаврыг зэрэг хийхэд тархи хооронд нь түргэн сэлгэж ажиллах шаардлагатай болдог бөгөөд энэ нь мэдрэлийн тогтолцоонд асар их ачаалал өгч, ядаргааг хурдан үүсгэдэг байна. Улмаар бүтээмж буурах, алдаа гаргах магадлал нэмэгдэх, сэтгэл ханамж буурах зэрэг сөрөг үр дагавар дагалддаг.

Технологийн тасралтгүй хэрэглээ нь тархины амралтыг тасалдуулдаг. Өмнө нь бид ажил, амралтаа тодорхой төлөвлөж чаддаг байсан бол одоо цахим орчинд амьдралаа даатгасан байдалтай амьдарч байна. Ингэснээр тархи маань амрах цаг гэж мэдрэхгүй, байнгын идэвхтэй төлөвт ажиллаж байдаг. Үүний улмаас нойрны чанар муудах, бүтэн амрах боломж багасах, улмаар сэтгэл санаа тогтворгүй болох нь түгээмэл тохиолдож байна.

Амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд тархины ядаргааг улам дордуулах хандлагатай байна. Орчин үеийн хот суурин газарт ажил амралтын хуваарь харьцангуй уян хатан болсон ч энэ нь олон хүнийг хэт их ажиллахад хүргэдэг. “Hustle culture” буюу үргэлж завгүй байхыг бахархал мэт үзэх хандлага ихсэж, амрах, өөртөө анхаарах цагийг үл ойшоох болсон. Ийм байдал тархины хэт ачааллыг улам ихэсгэж, эцэстээ сэтгэл гутрал, мэдрэлийн ядаргаа зэрэг ноцтой асуудалд хүргэж болзошгүй.

Тэгвэл бид юу хийж тархиа хамгаалах вэ? Юуны түрүүнд мэдээллийн урсгалаа хязгаарлах хэрэгтэй. Өдөрт тодорхой цагийг л мэдээ унших, цахим орчинд өнгөрүүлэхэд зориулах, хэрэггүй апп, мэдэгдлийг хаах нь үр дүнтэй арга хэмжээ болдог. Мөн олон даалгавар зэрэг гүйцэтгэхийг орхиж, нэг дор зөвхөн нэг зүйлд төвлөрөх дадлыг хэвшүүлэх нь тархины ачааллыг эрс бууруулдаг.

Үүнээс гадна технологийн хэрэглээг зохистой болгох, орой унтахын өмнө дэлгэцийн хэрэглээг багасгах, амралтын өдөр цахим хэрэгслээс хол байх зэрэг дадал маш чухал. Түүнчлэн бясалгал, амьсгалын дасгал, дасгал хөдөлгөөн хийх, өөртэйгөө ажиллаж өөрийн хоббитой болох, байгальд гарах зэрэг үйл ажиллагаа тархины ачааллыг тайлж, сэргээхэд тусалдаг. Харин хангалттай нойр авч, ажлын болон амралтын цагийг оновчтой зохицуулж сурах нь тархины эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай.

Дүгнэж хэлэхэд, орчин үеийн амьдрал бидний тархинд урьд өмнөхөөс илүү ядаргаа үүсгэх болжээ. Үүнд мэдээллийн хэт ачаалал, олон даалгавар зэрэг хийх, технологийн хэт их хэрэглээ, стресс гэх зүйлүүд сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ бид ухамсартайгаар дадал зуршлаа өөрчилж, амьдралын хэмнэлээ зөв зохицуулснаар тархиа хамгаалж, оюун санаагаа эрүүл авч үлдэх бүрэн боломжтой юм.


Y Facts нийтлэлийг бичсэн 4-р сарын дадлагажигч: С.Амина