Мод тэврэх юм бол яадаг гэнэ үү?

Мод тэврэх юм бол яадаг гэнэ үү?

Мод тэврэх юм бол яадаг гэнэ үү?

  • Оюунбилиг Нэргүй

  • 3 minute read

Сүүлийн жилүүдэд байгальтай ойр байх нь хүний сэтгэлзүй болон бие махбодын эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг нь хүлээн зөвшөөрөгдөх болсон. Хэдийгээр энэ нь өнгөцхөн харахад түр зуурын чиг хандлага төдий зүйл мэт боловч үнэндээ үгүй юм. Маш олон судалгаагаар байгальд цаг өнгөрөөх нь стрессийг бууруулж, сэтгэлзүйн байдлыг сайжруулдаг гэж дүгнэсэн байдаг шүү дээ. Мөн зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг болохыг тогтоосон гэх мэт байгаль орчинд байх нь бие махбодын болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сайн үр дагавартай болохыг олон судалгаагаар баталсан бөгөөд үүнд мод тэврэх гэх мэт энгийн үйлдлүүд ч багтсан байна. Гэхдээ яагаад? Мод чинь зүгээр л бидэнд хүчилтөрөгч өгч, агаарыг цэвэр байлгах үүрэгтэй биш гэж үү?

Мод тэврэх үед тухайн тэвэрч буй хүн тайвширч, стресс буурч, бүр цаашлаад амар тайван байдлыг бий болгодог окситоцин буюу хайрын даавар ялгаруулдаг. Окситоцин даавар нь ихэвчлэн “хайрын даавар”, “сэтгэл тайвшруулах даавар” хэмээн нэрлэгдэх ба хүний бие махбод, сэтгэлзүйд аюулгүй, тав тухтай, дулаан мэдрэмж төрүүлдэг байна. Энэхүү даавар нь ойр дотно мэдрэмжийн үед ялгардаг. Жишээлбэл, хайртай хүнээ тэврэх үед ялгарах бөгөөд сэтгэл санааны хямралыг намдаах, бие махбодын үйл ажиллагааг  зохицуулах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар байгальд, тэр дундаа модонд хүрэх нь хүний бие махбод дахь окситоцин дааврын ялгарлыг нэмэгдүүлдэг болохыг харуулсан. Жишээлбэл, Японы судлаачид байгальд цаг өнгөрөөх нь хүний сэтгэл санааг сайжруулдаг гэдгийг тогтоосон байна.

Тухайлбал 1980-аад оны үеэс эхлэн Япон улсад “Shinrin-Yoku” буюу ойн агаар амьсгалах хэмээх ойлголт өргөжиж эхэлжээ. Ойн орчинд алхах, мод тэврэх зэрэг зүйлсийг сэтгэл санааны заслуудын нэг хэлбэр болгон хэрэгжүүлсээр иржээ. Судалгаагаар ойд 30-60 минут байсны дараагаар хүний цусны даралт буурч, стрессийн түвшин тодорхой хэмжээгээр багасаж эрүүл мэндэд багагүй дэмжлэг болдог нь нотлогджээ.

Гэхдээ мод тэврэх нь зөвхөн сэтгэлзүйд нөлөөлөөд зогсохгүй бие махбодод ч нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Хүний арьс мэдрэмж хүлээн авах маш олон рецептортой бөгөөд тэврэлт зэрэг үйлдлүүд нь мэдрэлийн системээр дамжин “тайван байна”, “амгалан байна” гэх мэдээллүүдийг илгээдэг. Тиймээс мод тэврэх нь сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлэх замаар хүний нийт эрүүл мэндэд сайн үр нөлөөтэй байдаг байна.

Мөн ургамлыг амьтай, амьгүй гэж мэтгэлцэх нь элбэг байдаг ч шинжлэх ухааны талаас авч үзвэл ургамал тэр дундаа мод нь амьсгалдаг, ургадаг, нөхөн үрждэг, орчиндоо хариу үйлдэл үзүүлдэг, тэр ч байтугай зарим тохиолдолд бусад мододтой “харилцдаг” зэрэг амьд биетэнд хамаарах үндсэн шинжүүдийг хамарсан байдаг учир амьд биет буюу амьд организм юм. Иймээс модыг тэврэх нь ямар нэгэн эд зүйлийг тэврэхтэй адил биш амьд биеттэй харилцаж буй мэт мэдрэмж төрүүлдэг.

Эцэст нь дүгнэхэд, мод тэврэх гэдэг нь ямар нэгэн хий хоосон чиг хандлага гэхээсээ илүүтэй багагүй амралт, тайвшрал, сэтгэлзүй болон эрүүл мэндийг сайжруулах үр дүнтэй хялбар арга замуудын нэг болохыг дахин онцлох нь зүйтэй болов уу.

Байгальд ойр байх, мод тэврэх гэх зэргээр байгальтай харилцах нь бидний стресс ихтэй амьдралын хэв маягт тайван, эрүүл байх хялбар арга замуудын нэг юм шүү.

Y Facts нийтлэлийг бичсэн 4-р сарын дадлагажигч: Э.Тэмүүлэн

Ашигласан эх сурвалжууд:

The Effect of Nature Exposure Therapies on Stress, Depression, and Anxiety Levels: A Systematic Review (2024)

National Library of Medicine: Effects of forest bathing (shinrin-yoku) on levels of cortisol as a stress biomarker (2019)

National Library of Medicine: Forest Walking Affects Autonomic Nervous Activity(2018)

Scottish Wildlife Trust: Try Forest bathing or tree-hugging(2020)