МХБШ дээр 800 авах нууц.
Энэ жилийн монгол хэл, бичгийн шалгалт урьд жилүүдээс онцлогтой нь 10,11-р ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орж болох зохицуулалттай болсон бөгөөд 2025 оны 4-р сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан монгол хэлний талаарх ойлголт болон түгээмэл буруу ашигладаг үгсийн талаар мэдээлэл хүргэе.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу би хэмээн алдарт яруу найрагч Бямбын Ренчин "Монгол хэл" шүлэгтээ бичсэн байдаг. Аргагүй л чихэнд сонсголонтой, уран яруу үг хэллэгтэй Монгол хэл өгүүлбэрийн бүтэц, хэлзүй талаасаа бусад хэлнээс өвөрмөц. Хэл гэх зүйл маш өргөн цар хүрээтэй тул тодорхой үүссэн он, зохиосон хүн нь судлаачдын дунд маргаантай байдаг. Гэсэн хэдий ч бичиг үсэг нь улс үндэстний соёлын түүчээ, түүхийн улбаа, зан заншлын илэрхийлэл болдог нь гарцаагүй үнэн. Монгол хэлээрээ уран яруу ярина гэдэг монгол хүн болж төрснийхөө хувьд бахархалт явдал юм. Гэвч даяаршиж буй энэ нийгэмд эх хэлээ бүрэн бүтнээр нь авч үлдэх амаргүй бөгөөд залуучуудын дунд төрөлх хэлээ сурахаар илүүтэйгээр харь хэл сонирхох болсон. Гадны соёлд суралцах нь буруу биш боловч Монгол гэх нэрийн дор төрсөн бид юун түрүүнд эх хэлээ эзэмшиж, өөрсдийн түүхээ мэдсэний дараа бусад соёлыг судлах нь зүйтэй.
Одоо та бүхэнд түгээмэл гаргадаг хэлзүйн алдаануудаас сонирхуулъя.
Бид нар
Бид бичгийн болон ярианы хэлэнд "бид нар" гэх хэллэгийг түгээмэл ашигладаг боловч энэ нь хэлзүйн талаасаа алдаатай юм. "Би" хэмээх нэгдүгээр биеийн төлөөний үгэнд олон тооны залгавар залгахад "Бид" гэх үг үүснэ. Гэвч дээр гаргаж буй алдаа нь аль хэдийн олон тооны утгатай болсон үгэнд дахин "нар" нэмж бичих шаардлагагүй юм. Үүнээс гадна охидууд, ноёдууд, нөхдүүд, хүмүүсүүд гэх мэт ижил дүрмийн алдааг ихэвчлэн гаргадаг.
Манай гэрт олон хүмүүс ирсэн.
Тоо хэмжээ, тооны утга агуулсан үгсийн араас нэр үг бичихдээ ганц тоон дээр бичнэ. Дээрх өгүүлбэрийн алдааг засвал "Манай гэрт олон хүн ирсэн". Энэ мэтчилэн гурван хүмүүс, олон хүүхдүүд зэрэг алдаатай үг хэллэгийг өргөн ашигладаг.
Аймаар!
Сүүлийн үед хүмүүс нэн ялангуяа залуу үеийнхэн "маш" гэх үгийн оронд "аймар" гэж хэлэх нь түгээмэл болсон. Гэвч монгол хэлний тайлбар тольд "аймар" гэдэг нь садар самуун, зальхай гэсэн утгатай хэмээн бичсэн байдаг.
Эдгээр дүрмийн алдаануудаас гадна шаардлагагүй тохиолдолд монгол хэлийг өөр орны хэлтэй хольж, яриан дундаа гадаад үг хавчуулах тохиолдол нэлээд их ажиглагдах болсон. Зөвхөн монгол хэл гэлтгүй ямар нэг хэлээр ярихдаа бусад орны хэлийг ашиглахгүй ярьж занших нь тухайн хэлийг хүндэлж байгаагийн илэрхийлэл бөгөөд эх хэлээ авч үлдэхийн үндэс юм. Залуус та бүхэн хоорондоо монгол хэлээрээ уран цэцэн ярилцаж, соёл уламжлалаа хүндлээрэй хэмээн уриалж байна.
Харин одоо МХБШ-д өндөр оноо авах зөвлөмжүүдийг танилцуулъя.
Шалгалтаас олон сарын өмнө
Уран зохиолын ном унших
Ном унших ямар үр өгөөжтэйг та бүхэн сайн мэдэх биз. Харин ном дундаа монголын орчин цагийн уран зохиолуудыг уншихыг зөвлөж байна. Орчуулагдсан гадаад ном зохиол нь модон орчуулгатай, үгийн баялаг муу байдаг бол монгол уран зохиолын номуудад дүрслэх ур маяг, монгол ахуйтай холбоотой үг хэллэг, хэлц үгс өргөнөөр бичигдсэн байдаг тул үгсийн өргөн мэдлэгтэй болохоос гадна монгол хүмүүсийн арга ухаан, уламжлал, зан заншил, түүхийн талаар өгүүлсэн байдаг тул мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой.
Санал болгох зохиолууд:
"Ногоон нүдэн лам" Ц.Оюунгэрэл
"Жаран цагаан хонь" Ц.Оюунгэрэл, Фолт Жеффри Л
"Тунгалаг тамир" Ч.Лодойдамба
"Оройгүй сүм" Л.Түдэв
"Тамгагүй төр" Б.Лхагвасүрэн
"Аянгат цагийн тууж" Ч.Галсан
"Өвгөн шувуу" өгүүллэг С.Эрдэнэ
"Бууж мордох хорвоо" өгүүллэг С.Дашдооров
"Аквариум" өгүүллэг Л.Өлзийтөгс
"Хөгшин чоно ульсан нь" Д.Намдаг
Монгол бичиг дээр эх унших
Монгол бичгээс кирилл рүү хөрвүүлэх дасгал өндөр оноотой байдаг тул эртнээс монгол бичгийн унших чадвараа хөгжүүлээрэй.
Шалгалтаас 1 сарын өмнө
Өмнөх оны жишиг материалуудыг ажиллах
Жишиг дасгалууд ажилласнаар шалгалтын талаар ерөнхий ойлголттой болох бөгөөд өөрийн алдаагаа хянаж оноогоо дээшлүүлэх боломжтой.
Эх бичиж дадах
Жишиг даалгаврууд дээр өгөгдсөн эхийн сэдвээр заасан үгийн тоонд багтаан эх бичиж, шалгуурын дагуу дахин засварлаж бичих нь шалгалтын үеэр ижил төстэй даалгавар ирэхэд давуу талтай.
Шалгалтын өмнөх өдөр
Гадуур зугаалах
Үүний хэлэх гэсэн санаа нь шалгалтын өмнө олон зүйл бодож өөрийгөө зовоолгүй санаа бодлоо цэгцлэх юм. Хэт их түгшиж, айж сандрахгүйн тулд өөрийнхөө хувьд тухтай болгодог зүйлсээ хийгээрэй. Энэ нь гадуур алхах, ууланд гарах, иог хийх гээд ямар ч зүйл байсан болно.
Бидний бэлтгэсэн мэдээлэл танд тус болсон гэж найдъя. Монгол хэл, бичгийн шалгалт өгөх гэж буй бүх сурагчдадаа амжилт хүсье. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ дээдэлцгээе!
Y facts нийтлэлийг бэлтгэсэн 4-р сарын дадлагажигч: М.Ану-Үжин.