Хүн болгонд сул болон давуу тал гэж бий. Амьдралынхаа туршид өсөн томрохдоо өөрийгөө ямар хүн бэ? гэдгээ үүгээр дамжуулан таньж мэдэж давуу талаа ашиглан бусдад өөрийгөө таниулж, сул талаа үгүй болгох эсвэл нуух гэж оролддог. Харин үүний сацуу өөрийнхөө сул талыг мэддэггүй, тэр ч бүү хэл олж ч харахыг хүсдэггүй нь ч бий.
Өөрийн сул талыг олж мэдэх хэд хэдэн аргуудын нэг бол юу ч хамаагүй, ямар ч зүйл байсан хамаагүй хийж үзэх. Юу ч хийхгүй зүгээр сууж байгаад “ Өө би ийм сул талтай юм байна” гэж мэднэ гэж байхгүй. Залхуугаа л мэдэж болох юм. Гэхдээ хүн ямар нэгэн зүйлийг бие махбод болон тарихаа ашиглан хийж, шинэ зүйл туршиж үзэж байж л өөрийгөө хэн бэ гэдэг ээ мэддэг. Тиймээс битгий залхуураарай. Харин өөрийн дутагдалтай талыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь өөрийгөө өөртөө илүү итгэлтэй болгоно гэж бодох нь багагүй. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь “Эго”-гоо тэжээж байгаа л явдал юм.
Үнэнтэй нүүр тулж, өөрийнхөө дутагдалтай талыг хүлээн зөвшөөрнө гэдэг бол өөрийгөө хөгжүүлэх эхний алхам юм. Өөрийн сул талыг мэдсэнээр үүнийг засах боломж тань нээгдэнэ гэсэн үг. Гэхдээ “Засаж чадахгүй юм чинь мэдээд ч яах юм билээ?, хэрэггүй зүйл” гэж бодож магадгүй л дээ. Үнэндээ хүн гэдэг бол оюун ухаантай амьтан бөгөөд юу бодно түүндээ итгэж, юу төсөөлнө тэр нь ирээдүйд биелэх мэт боддог. Тиймээс өөрийгөө өөр талаас нь харж, өөрөөр төсөөлж сурах нь сул талаа даван туулах нэг арга зам юм.
Жишээ нь нэгэн дотогшоо хүн хүмүүст “Би угаасаа л ийм дуугүй хүн” гэж өөртөө болон бусдад хэвийн зүйл мэт хэлэхэд тэр хүн өөрийгөө хайрцаглаж, өөрөө өөртөө хязгаар тавих суурь шалтгаан нь болдог. Харин үүний оронд тэр өөртөө болон бусдад “би нээлттэй”, “би шинэ хүмүүстэй танилцаж, амархан яриа эхлүүлж чадна” гэж хэлэх нь танд тодорхой хэмжээний эерэг нөлөө авчрах болно. “Худал үгийг мянга хэлбэл үнэн болно” гэдэг үгтэй адил таны бодол үүнийг үнэн мэт хүлээн авах боломжтой.
Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг бол зөвхөн сул талаа мэдэхээр зогсохгүй өөрийгөө бүхэлд нь танин мэдэж цаашлаад сайн талаа ч хөгжүүлэх боломж юм. Сул талаа хүлээн зөвшөөрөхгүйгээр зөвхөн сайн талаа хөгжүүлээд байвал цастай өдөр гадаах цасаа цэвэрлээд байхтай адил биш гэж үү. Хэдий өөрийн сайн талаа мэдэж байгаа нь сайн хэдий ч өөрийгөө ойлгож, хөгжүүлэхэд үнэхээр хангалтгүй юм.
Мэдээж төгс хүн гэж үгүй. Цаг хугацааны эрхэнд хүн болгон л хувьсан өөрчлөгдөж байдаг. Одоо таны сул тал гэж санагдаж байгаа зүйлс ирээдүйд давуу тал болох ч тохиолдол бий. Сул талаа засах гэж оролдож байхдаа өөр нэг сул талаа олж мэдэх ч үе багагүй. Энэ нь үнэхээр ядаргаатай санагдаж байгаа хэдий ч та өөрийгөө танин мэдэж байгаагийн нэг хэлбэр юм.
Өөртөө бодитоор дүгнэлт хийж, үнэнч байж, тэвчээртэйгээр хандвал хүн бүр өөрчлөгдөж, сайжрах боломжтой. Өөртөө болон бусдад төвөг удалгүй өөрийгөө ойлгож сурах нь таны хувь хүний хөгжилд нөлөөлөөд зогсохгүй, нийгэмд ч эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгоорой. Тиймээс өөрийгөө таньж мэдэхээс айж, хүлээн зөвшөөрөхөөс бүү зугтаагаарай. Харин ч энэ нь таны өөртөө итгэх итгэл, амьдралд хандах хандлага, өөрийгөө ойлгох чадварын тань эхлэл болох болно.
Өөрийгөө хайрлаж, хөгжүүлж, өчигдрийн өөрөөсөө илүү өөрийгөө бүтээх алхмаа өнөөдрөөс эхлүүлээрэй. Таны өөрчлөлт таны бодлоос эхэлнэ.
Y facts нийтлэлийг бичсэн 4-р сарын дадлагажигч: Э.Тэмүүлэн