Монгол түмний маань Үндэсний их баяр наадам тохиож буй энэ цаг дор бид баярын хуушуур зооглож, Эрийн гурван наадмаа үзэхийн сацуу монгол хүний уламжлалт ахуй, сэтгэлгээ, ёс заншил, эрхэм чанарыг санаж, түүнээс суралцах нь чухал билээ.
Энэ удаагийн нийтлэлээрээ бид хүн ба байгаль хоёр “ХҮЙН” холбоотой болохыг ухаарч, байгалийн хэмнэлд захирагдан амьдарч ирсэн өвөг дээдсийнхээ үнэт өв, ахуй соёлоос та бүхэнтэй хуваалцаж байна.
Монгол гэр - Байгальтай зохицсон монгол сууц
Монгол гэр бол зүгээр нэг сууц бус, газар дэлхийдээ эвлэж, амьд байгальд халгүй орших монгол хүний эрхэм чанар, гүн ухааны бодит биелэл юм. Гэр барихад газар шороог сэндийлэх шаардлагагүй, мод чулуугаар хучих хэрэгцээ ч үгүй. Нүүсний дараа гэрийн буурь газрын өвс, ургамал байгалийнхаа жамаар нөхөн сэргэдэг.
Гэрийн бүтэц нь байгалийн гаралтай мод, эсгий, арьс шир зэрэг түүхий эдээр бүрддэг ба энэ нь эко барилгын өвөрмөц хэлбэр гэж хэлж болно. Агаарын солилцоог ухаалаг шийдсэн зохион байгуулалт нь нэмэлт дулаалга, хөргөлтийн систем шаардахгүйгээр тав тухтай орчин бүрдүүлдэг. Мөн бүх эд анги нь салгаж, дахин угсрах боломжтой тул олон удаа ашиглах, дахин хэрэглэхэд тохиромжтой.
Монгол гутал - Ур ухаан, уран хийцийн хослол
Монгол гутлын хоншоор ээтэн, ул нь гөлгөр байдгийг та анзаарч байсан уу? Энэ хийц нь шороог сэндийлэхгүй, өвс ногоо гэмтээхгүй байх зорилготой. Гутал, оймсны хооронд үүсдэг завсар нь өвлийн хүйтэнд дулаахан, зуны халуунд сэрүүн байлгадаг онцлогтой.
Ул нь хавтгай, гөлгөр тул явган явахад тохиромжтой, хөдөө хээр, нүүдэлчин амьдралын хэв маягт бүрэн нийцдэг. Ийнхүү монгол гутал бол байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай, уран нарийн хийцтэй уламжлалт хэрэглээ юм.
Монгол дээл - Хайр шингэсэн үндэсний хувцас
Монгол дээлийг ноос, ноолуур, торго, даавуу зэрэг 100 хувь байгалийн гаралтай материалаар урладаг тул биед нэн тухтай, байгальд хоргүй бөгөөд хөрсөнд бүрэн задардаг. Дээлийн загвар нь уужим, агаар сэлгэлт сайтай тул цаг агаарын өөрчлөлтөд тохируулан өмсөх боломжтой.
Түүнчлэн монгол дээлийг олон жил хэрэглэдэг, бат бөх, эдэлгээ сайтай хувцас. Хуучирсан тохиолдолд засаж, сэлбээд ах дүү, үр хүүхдэдээ өвлүүлэн хэрэглэдэг уламжлал нь дахин ашиглах, тэг хаягдалд чиглэсэн орчин үеийн чиг хандлагатай нийцэж байгаа биз? Монголчууд дээлээ гоё сайхан харагдах гэж бус, өмссөн хүндээ төвөггүй, дулаахан, тохилог байхаар урладаг байжээ.
Нүүдлийн аж ахуй — Байгальд ээлтэй амьдралын хэв маяг
Монголчууд эртнээс нааш жилийн дөрвөн улирлын онцлог, бэлчээрийн даацад нийцүүлэн нутаг сэлгэн нүүдэллэж ирсэн билээ. Нүүдлийн мал аж ахуй нь хөрс, ус, ургамал, ан амьтны амьдрах орчныг сүйтгэхгүйгээр зүй зохистой ашигладаг онцлогтой. Малчид нэг нутагт удаан суурьшдаггүй тул хөрс бэлчээр нөхөн сэргэх боломжтой байдаг бөгөөд энэ нь экосистемийн тэнцвэрийг хадгалах суурь нөхцөл болдог. Байгалийн хуулийг зөрчих бус дасан зохицох нь нүүдэлчин монголчуудын байгальд ээлтэй амьдралын хэв маяг, мэргэн ухааны илэрхийлэл юм. Иймд нүүдлийн аж ахуй нь гагц хүний амьдрах хэлбэр бус, харин байгальд ээлтэй, тогтвортой амьдралын философи мөн билээ.
Хөрст дэлхийгээ дээдлэн шүтэж, хөх тэнгэрийн дор төвшин орших ухаан бол бидний өвөг дээдсээс өвлөгдөж, үеийн үед залгамжлан ирсэн аугаа эрхэм соёл, үнэт сургаал билээ. Өнөөгийн технологи, хөгжлийн эрин үед бид мөнхүү эрхэм чанараа хадгалж, өдгөө хийгээд ирээдүйд хүн төрөлхтний өмнө тулгарах сорилтуудад уялдуулан хэрэгжүүлэх нь нэн чухал байна.
Y Blogs нийтлэлийг бичсэн дадлагажигч: МУИС-ийн Хүрээлэн Буй Орчны Инженерчлэл хөтөлбөрийн II түвшний оюутан Х.Ану-Үжин